Шууд Chart

Тэмээ, тэмээчин хоёрыг алдаршуулсан "16 түмэн тэмээний баяр"

2024-02-03 18:26:30

НҮБ-аас 2024 оныг олон улсын "Тэмээ хамгаалах жил" болгон зарласан байдаг. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймагт байна. 

2016 онд тус аймаг 1108 тэмээ барианд оруулж дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160 000 шахам толгой тэмээ тоолуулж улсдаа "Хамгийн олон тэмээтэй аймаг" болоод байгаа юм. 

Тийм ч учраас энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж буй баяраа "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгууллаа. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Манай аймгаас тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, Хүүхэний Гомбосүрэн, Далайн Хамар, Жаалхүүгийн Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Гаажидын Бүд, Аюушийн Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин Мөнхтуулын Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилтууд нь бид бүхний бахархал юм. Мөн хөдөө аж ахуйн салбараас олон арван эрдэмтэн судлаач төрсний дунд тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад нөр их хөдөлмөрөө зориулсан билээ. Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг.Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Тиймээс бид соёл, уламжлалаа таниулах үүднээс "Түмэн тэмээний баяр"-ыг 25 дахь жилдээ зохион байгуулж байна" гэж тодотгосон. 
 
 
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх "Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Тэмээний баяр урьд жилүүдэд гуравдугаар сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь, энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цолыг олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу Улсын алдарт уяач болсон" гэж ярилаа.

Монголын аялал жуулчлалын ууган эвент "Түмэн тэмээний баяр"-т ирэх гадаадын жуулчид, зочид төлөөлөгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгааг энд дурдах нь зүйтэй болов уу. 

"16 түмэн тэмээний баяр"-т БНХАУ-ын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлага, малчид, тэмээчдийн төлөөлөл, Монгол Улсын Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас тэмээчид зорин ирж оролцжээ. 

Баярт оролцож буй 6-р ангийн сурагч Г.Гүндалай "Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг. Тэмээний баярт би өнгөрсөн жил анх удаа оролцож байсан. Өнгөрсөн жил би тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Энэ жил бас оролцохоор ирсэн" гэж зорилгоо бидэнтэй хуваалцсан юм. 

"Түмэн тэмээний баяр"-ын Тэмээн полоний Ерөнхий шүүгч Ц.Ганзориг "Тэмээн полог Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг" гэдгийг онцлоод энэ жил Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байгаа"-г хэллээ. Тэрбээр өнгөрсөн жил Өвөрмонгол, Дундговь, Баянхонгороос ирсэн нийт 15 баг өрсөлдсөн гэж хуучлаад оролцогчдын насны хувьд янз бүр байдгийг онцолж байлаа. 

Бидний уулзсан дараагийн хүмүүс "Сайхан тэмээтэй хос"-ын тэмцээнд ихэр цагаан тэмээтэйгээ 8 жил оролцож буй залуу гэр бүл байв.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас ирсэн залуу малчин Ж.Шинэбат, түүний гэргий Б.Мягмарсүрэн нар 2016 оноос хойш тасралтгүй "Түмэн тэмээний баяр"-ын "Сайхан тэмээтэй хос"-ын төрөлд оролцож буй аж.

Тэд 2021, 2022 онд тэргүүн байр эзэлж байжээ. Тэмээний баярт маш их ач холбогдол өгч оролцдог бөгөөд жил бүр тэмээтэй холбоотой гоё чимэглэл, тоноглолоо нэг нэгээр нь шинэчилж оролцдог тухайгаа бидэнтэй хуучилсан юм. Залуус тэмцээнд оролцохдоо бүх гоёл чимэглэл, эдлэл, тоногоо өөрсдийн гараар урладаг байна. Тэдний унаж байгаа тэмээний хувьд тормоноос нь уг тэмцээнд хосоор нь унаж оролцож эхэлжээ. Одоо тэмээ нь 10 настай атан тэмээ болсон бөгөөд "Ихэр цагаан" гэж хосоор нь нэрлэсэн гэнэ. Энэ жилийн хувьд "Түмэн тэмээний баяр"-таа тэд "Сайхан тэмээтэй хос"-ын тэмцээнд гуравдугаар байр эзэллээ. 

"Түмэн тэмээний баяр"-ын "Сайхан тэмээтэй хос"-ын тэмцээнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын "Мандах" багийн тэмээчин Б.Баянтөр, М.Алтанзул нар тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт тус аймгийн Баяндалай сумын "Наран" багийн тэмээчин П.Хүүбаатар, Д.Энхгэрэл нар шалгарчээ. Дөрөвдүгээр байрыг "Наран" багийн тэмээчин Д.Тогтуунбаяр, Б.Туяацэцэг нар эзэлсэн бол тавдугаар байрт мөн л Баяндалай сумын "Наран" багийн тэмээчин Д.Борхүү, Б.Мөнхцэцэг нар шалгарсан байна. 

Тэмээний баярын бас нэг анхаарал татдаг зүйл нь "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах арга хэмжээ. Тэмээг өсгөн үржүүлж, тэмээн соёл, спортыг хөгжүүлж, тэмээ маллагааны арга ухаанд гар, бие оролцож байгаа тэмээчдийн хувьд энэ нь ард олондоо хөдөлмөрөө үнэлүүлж буй томоохон ажил байдаг юм.  

"16 түмэн тэмээний баяр"-ын "Шилмэл буур", "Шилмэл ингэ" хэний ямар тэмээ байсныг та бүхэнд толилуулъя. 

Үүнээс гадна хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, тэмээтэй богино зайны уралдаан гээд олон сонирхолтой тэмцээн болсон.

Өмнөговь аймаг "Түмэн тэмээний баяр"-аа тохиолдуулан “Нүүдэлчдийн тэмээн соёл” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг өрнүүлж, "Тэмээчид дуулж байна" дууны уралдаан зохиож, "Хадны сүг зургийн үзэсгэлэн", "Мэндлэх, хүндлэх ёс-Хөөрөгний өв соёл" үзэсгэлэнг дэлгэж, "Ингэний айрагны баяр" хийж, аймаг орон нутгаа, хос бөхт тэмээгээ хүмүүсийн анхаарлын төвд байлгаж чадлаа.   

Гурван өдрийн турш Өмнийн цэлгэр говийн жавар тачигнасан хоолойд тэмээчид, тэмээнд элэгтэй монголчууд, хос бөхт тэмээг үзэж, сонирхохоор ирсэн жуулчид гээд дэлхийн өнцөг булангаас ирсэн хүмүүс уйдах завгүй "баярлалаа". 

Өмнөговь аймгийн удирдлагууд 2024 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийт 1111 хурдан тэмээний уралдаан болон Улсын аваргын тэмээн поло тэмцээнийг говийн гурван аймгийн дунд зохион байгуулж, тэмээ, тэмээчин хоёроо алдаршуулах зорилго тавьжээ. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Тэмээ, тэмээчин хоёрыг алдаршуулсан "16 түмэн тэмээний баяр"   
Үзсэн: 3685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй