Шууд Chart

АНУ: ОХУ шинэ төрлийн хиймэл дагуул эсэргүүцэгч хөгжүүлж байна

2024-02-16 15:28:03

АНУ-ын Тагнуулын агентлагийн мэдээлж байгаагаар ОХУ шинэ төрлийн, цөмийн энергиэр ажилладаг хиймэл дагуул эсэргүүцэгч хөгжүүлж байна гэж сэрдэж буй юм байна.

Энэ мэдээллийн араас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирлаа гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ мэдээллийг шинжилж, “Лдоогоор идэвхтэй том аюул байхгүй, сансарт зэвсэглэл хөгжүүлнэ гэдэг тийм амар зүйл биш” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Тагнуулын төв газрын үзэж байгаагаар ОХУ-ын хөгжүүлж байгаа хиймэл дагуул эсэргүүцэгч нь хиймэл дагуулыг пуужин харваж унагаах систем бол биш. Харин цөмийн энергиэр ажилладаг, хиймэл дагуулын дотоод систем, цахилгааны хангамжийг ажиллагаагүй болгох, эвдэх, гацаах, шатаах зорилготой систем байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм байна.

Харин ОХУ-ын сансрын төсөл хөтөлбөрүүдийг ажиглаж, дүн шинжилгээ хийдэг шинжээчид Оросын хөгжүүлж байгаа технологи нь цөмийн дайн дэгдээх эд биш, зөвхөн хиймэл дагуулыг ажиллагаагүй болгох зорилготой, эрчим хүч их шаардсан технологи гэж харж буй юм байна. Бүр нарийн тодруулбал, хиймэл дагуулаас ирэх дохиог тасалдаг, хиймэл дагуулын дэлхийн зураглалыг буулгадаг системийг ажиллагаагүй болгодог технологи байх магадлалтай гэж үзэж байна.

Хэрвээ хөгжүүлэлт бүр эрчимтэй явагдаж байгаа бол хиймэл дагуулын цахилгааны сүлжээг шатаах цахилгаан соронзон орны хүчийг ашигласан систем ч байж болно гэж үзэж байгаа юм байна.

Магадгүй энэ системийн тусламжтай дэлхийн тойрог замд тодорхой нэг бүсчлэлд зөвхөн ажиллагаагүй болгодог систем ч болох бүрэн бололцоотой гэж таамаглаж байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын агентлагийн 2023 оны тайланд ОХУ-ыг хиймэл дагуул сөнөөгч зэвсэг хөгжүүлж байж магадгүй, мөн өндөр эрчим хүч шаардсан технологи байх магадлалтай гэсэн мэдээллийг тусгасан байсан юм.

Харин АНУ-д төвтэй Зэвсэглэл зохицуулах холбооны мэдээлж байгаагаар ОХУ зэвсэг гэхээс илүү соронзон долгионы сансрын технологи хөгжүүлж байгаа нь илүү үнэмшилтэй гэдэг тайлбар өгчээ.

Кремлийн зүгээс харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны энэ мэдэгдэл гарсны дараа ОХУ-д сансрын зэвсэглэлээр хөөцөлдөх сэдэл байхгүй, “худал гүтгэлэг” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Урьд нь технологийн салбарт хиймэл дагуулын долгион саармагжуулагч технологиуд байсаар ирсэн ч энэ удаад анхаарал татаж байгаа гол зүйл нь цөмийн энергиэр ажилладаг хиймэл дагуул эсэргүүцэгч хөгжүүлж байгаа гэдэг мэдээлэл гэж олон улсын агентлагууд бичиж байна.

Хэрвээ ОХУ цөмийн энергиэр ажилладаг зэвсэг үйлдвэрлээд сансар орторгуйд гаргавал олон улсын сансрын энх тайвны гэрээг ноцтой зөрчсөн хэрэг болно гэж цөмийн шинжээчид үзэж байгаа юм.

1967 онд байгуулагдсан Олон улсын санрсын энх тайвны гэрээний дагуу дэлхийн тойрог замд цөмийн зэвсэг тээсэн, эсвэл олноор устгах зэвсэг тээсэн ямар ч төрлийн технологи байрлуулахыг хориглоно гэж зааж өгсөн байдаг байна.

Энэ гэрээнд АНУ, ОХУ аль, аль нь гарын үсэг зурсан байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: ОХУ шинэ төрлийн хиймэл дагуул эсэргүүцэгч хөгжүүлж байна   
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй