Шууд Chart

СОР17: Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал гэв

2026-08-26 18:30:44

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 10 дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр (2026.08.26) “Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хүний эрхэд суурилсан, хүн төвтэй газрын нөхөн сэргээлтийг дэмжих нь” хэлэлцүүлэг  Цэнхэр бүсэд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Гадаад харилцааны Яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийбаяр нээж, чиглүүлэгчээр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн ажилтан хатагтай Харриет Хирст ажилласан.

 

Панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид оролцлоо. Тэрбээр өнөөдөр дэлхий нийтээрээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн ноцтой сорилтуудтай нүүр тулсаар байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр Улсын Их Хуралд хүргүүлдэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 25 удаагийн илтгэлийн 10-д нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөв байдлын хэрэгжилтийн талаар тусгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан.

Тодруулбал 2024 онд Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээг хийсэн. Энэ хүрээнд орчны бохирдол, хотын стандарт, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн асуудлыг хөндсөн байгаа. 

 

Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал мөн юм. Эдгээр нь амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, ус, хоол хүнс, орон байр, амьжиргаа, эрүүл аюулгүй орчинд амьдрах болон соёлын эрх зэрэг өргөн хүрээний хүний эрхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, ус, хүнсний хүртээмж, газар ашиглах эрх, амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх чухал" гэдгийг онцолсон юм.  

 

Мөн малчид болон тухайн бүс нутагт амьдарч эрсдэлд өртөж буй бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн зорилтот бүлэг тус бүрээр тодорхойлж, бүрэн, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангахын зэрэгцээ тэдний санал, уламжлалт мэдлэг, хэрэгцээг шийдвэр гаргалтад бодитоор тусган, бүлэг бүрийн онцлогт нийцсэн утга учиртай оролцоог хангах. Тодруулбал малчид гэхэд говь болон хангайн бүсэд амьдарч байгаа малчид, хүүхэд, малчин эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн эрх гэх мэт тусгайлан авч үзэж асуудлыг оновчтой тодорхойлж шийдвэрлэх нь чухал юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн бодит оролцоог хангаж санал авах, мөн уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэд болон тухайн орон нутгийн засаг захиргаанд уг бүс нутгаас олсон үр ашгийг орон нутгийнхаа хөгжилд болон тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд зарцуулах эрхийг нээж өгдөг сайн туршлага байдгийг онцоллоо.

Нийтэлсэн: COP17 Mongolia

СОР17: Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал гэв  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй