Шууд Chart

Куба улс БНСУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоолоо

2024-02-17 17:20:33

Бүгд Найрамдах Куба улс БНСУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон байна. Хоёр улс НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчдөөрөө дамжуулан дипломат харилцаа тогтоох тухай ноот бичгийг Нью-Йорк хотноо солилцжээ. Ингэснээр Куба улс Өмнөд Солонгос улстай дипломат харилцаа тогтоосон дэлхийн 193 дахь улс болж байна. Өмнөд Солонгосын засгийн газар Арлын Кубатай харилцаагаа сайжруулахын төлөө сүүлийн 20 гаруй жил дипломат хүчин чармайлт гаргаж иржээ.   

Куба нь Карибын тэнгис болон Өмнөд Америкийн улс орнуудаас Өмнөд Солонгос улстай дипломат харилцаагүй байсан цорын ганц улс байжээ. Өмнөд Солонгос нь дэлхийн өндөр хөгжилтэй улсын хувьд Хаванатай албан ёсны харилцаатай болсноор Латин Америктай дипломат харилцаагаа бэхжүүлэх, өргөжүүлэхэд чухал эргэлт болно гэж үзэж байна.

БНСУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Су-Сук “Куба улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Кубад зорчих манай улсын иргэдэд консулын үйлчилгээг системтэй үзүүлэхэд дэмжлэг болох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид манай Засгийн газар найрамдалт харилцаагаа хөгжүүлэх, харилцан элчин сайдын яамаа нээх талаар Кубын засгийн газартай идэвхтэй яриа хэлэлцээ явуулна. Кубатай дипломат харилцаа тогтоосноос үл хамааран Умард Солонгосын талаарх манай засгийн газрын бодлого өөрчлөгдөхгүй хэвээр байх болно." гэж ярилаа”

Куба улс өмнө нь 1949 онд Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрч байсан ч 1959 онд Фидель Кастрогийн хувьсгалт засгийн газар бүрэлдэн тогтсоноор харилцаагаа тасалж, Умард Солонгостой 1960 онд дипломат харилцаа тогтоож, коммунист эвслийн хүрээнд холбоотнууд болж байсан юм. Куба улс одоогоор АНУ-ын зүгээс тогтоосон эдийн засгийн хоригийн улмаас эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа, ийм үед Азийн өндөр хөгжилтэй, чөлөөт зах зээлтэй албан ёсоор харилцсанаар худалдаа эдийн засгийн талбарт түншлэх бололцоо гарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Харин улс төрийн хувьд уламжлалт түнш Умард Солонгосын дургүйцлийг хүргэж магадгүйг ч шинжээчид онцолж байна. Өмнөд Солонгос 1999 онд Кубын эсрэг тогтоосон худалдааны хоригийг цуцлах тухай НҮБ-ын тогтоолыг дэмжсэн нь хоёр улс харилцаагаа сэргээх эхлэл тавигджээ. Үүнээс хойш 2016 онд Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд анх удаа Хаванад айлчилж байсан, хоёр улсын хооронд дипломат харилцаагүй байсан ч сүүлийн жилүүдэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлалын харилцаа өсөлттэй явж иржээ. Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгостой албан ёсны харилцаагүй НҮБ-ын гишүүн орнууд Македон, Сири, Куба улсууд байсан тухай Өмнөд Солонгосын Үндэсний Газарзүйн Мэдээллийн Хүрээлэнгээс мэдээлсэн байна. НҮБ-ын гишүүн бус Косово ч мөн Өмнөд Солонгостой дипломат харилцаагүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Куба улс БНСУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоолоо  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй