Европ даяар фермерүүдийн жагсаал өргөжсөөр байна. Эсэргүүцлийн жагсаал намжихгүй байгаад нөлөөлж байгаа нэг шалтгаан нь Украинаас орж ирэх хямд үр тарианы импортын асуудал юм. Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, үүнийхээ хүрээнд Украины үр тариаг маш хямд өртгөөр татах болсон. Тэгвэл Украинтай хиллэдэг Польш улсын фермерүүд Украины хил дагуу үр тариа орж ирэхийг эсэргүүцэж, төмөр замын гармуудыг хааж жагссан байна. Хариуд нь Украин улс Европын Комисст хандаж энэ жагсаалын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг хүсжээ.
Украины талын Европын Комисст хандсан хүсэлт Польшийн фермерүүдийг дахин ундууцахад хүргэлээ. Польш улсын засгийн газар дайн эхэлснээс хойш Украиныг дэмжиж байгаагаа ямагт илэрхийлж ирсэн үр тарианы асуудлын улмаас фермерүүд Украины эсрэг босоход хүргэж байна гэж олон улсын агентлагууд үзэж байна. Украинаас хямд үнэтэй үр тариа орж ирэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид шахагдаж, шударга бус өрсөлдөөний золиос болоход хүргэж байна гэж фермерүүд эсэргүүцэж байгаа юм. Өчигдөр гэхэд Польшийн фермерүүд Украинтай хиллэдэг бараг бүх боомтын төмөр замыг хааж зогсжээ. Украины шадар сайд энэ үйлдлийг манай улс орнуудын харилцааг хагалган бутаргах гэсэн улс төрийн өдөөн хатгалгын нэг хэсэг гэж үзэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Украины хөдөө аж ахуйн сайд Польшийн хил дээрх үр тариа ачсан цуваа Герман улсыг зорьж байсан, Польшийн зах зээлд нэвтрэх үр тарианы сүлжээ биш байсан гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Харин Польшийн фермерүүд трактортай жагсаалынхаа үеэр “Украины үр тарианы уршгаар Польшийн фермерүүд модоо барилаа” гэсэн лоозон барьж жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Мягмар гарагийн хил дээрх жагсаалыг зохион байгуулсан фермерүүд хилээр иргэд тээвэрлэсэн автобус нэг цаг тутамд нэг удаа нэвтрэхийг зөвшөөрч, харин орон нутгийн цагаар өглөөний 8-аас оройн 18 цагийн хооронд нэг ч ачааны машин оруулаагүй байна. Жагсагчид эрх баригчдыг хилээ хаах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Мөн одоогийнх шиг хил гаалийн хууль журамтай байгаа нөхцөл эргэн нээх нь утгагүй зүйл гэж үзэж байгаа юм байна. Одоогийн хил гаалийн журмын дагуу Украинаас юу ч орж ирж болно гэж Польшийн фермерүүд үзэж байна. Тэгвэл Польшийн фермерүүдийн энэ үйлдлийг эсэргүүцсэн Украинчууд мөн л ачааны машинтай хилийн зурвас дагуу 3 боомт дээр жагсаж эхэллээ. Украинчуудын жагсаал 3-р сарын 15 хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдээд байна. Тэд “Украин дайнд ялагдвал Польш ч ялагдана”, “Украины хилийг хаах нь Европын үнэт зүйлээс ухарч байгаа хэрэг” гэсэн утгатай уриа лоозон барьжээ. Киевийн зүгээс фермерүүдээ дэмжиж, Украины үр тариа Европын дотоодын аж ахуй эрхлэгчдийн бизнесийг аюулд оруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Польшийн фермерүүд Украинаас үр тариа импортлохыг эсэргүүцэж байна | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.