НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал нь хүндрээд буй асуудлуудтай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.
2023 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 427,184 тоо толгой мал байна. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Улаанбаатар хотод олон жилийн дунджаас 2-3 дахин их хэмжээний цас орж, 17-19 см цасан бүрхүүл тогтсон. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийслэлд 1168 тоо толгой мал хорогдоод буй тул мал бүхий айл өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 223 тонн өвс тэжээлийг бэлтгээд байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо болсон дэлбэрэлт, гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртсөн. Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-т танилцуулахаар ажиллаж буй юм.
Мөн дээрх эрсдэл, осол, аюулт үзэгдлүүдтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээг боловсруулж, төлөвлөөд байна. Тодруулбал,
- Барилга байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх дүгнэлтэд үндэслэн шугам сүлжээг засварлах
- Гал түймэрт өртсөн тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшлын нөхөн олговрыг холбогдох хууль тогтоомж батлагдсаны дараагаар шийдвэрлэх
- Барилгын стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
- Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгагдсан үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх
- Далан сувгийн засвар үйлчилгээг гүйцэтгэх
- Үерийн эрсдэлтэй бүсийг чөлөөлөх
- Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал бүхий айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.