Шууд Chart

БНСУ-ын Засгийн газар дадлагажигч эмч нарт ажилдаа эргэж ороход дөрөв хоногийн хугацаа өглөө

2024-02-27 10:26:46

Өмнөд Солонгосын дадлагажигч 10 мянган эмч засгийн газраас анагаахын их сургуулиудын элсэлтийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж, ажлаасаа халагдах өргөдөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар дадлагажигч 10 мянган эмчийн 9006 нь ажлын байраа орхижээ. Харин Өмнөд Солонгосын засгийн газар ажил хаясан эмч нарыг ажилдаа эргэж орох эцсийн хугацааг Пүрэв гарагт гэж зааж өглөө. Хэрвээ эмч нар заасан дөрөв хоногийн хугацаанд ажлын байрандаа эргэж очихгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцох төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдах өргөдөл гаргасан дадлагажигч эмч нарт ажилдаа эргэж орох эцсийн хугацааг пүрэв гараг гэж зааж өгчээ. Хэрвээ дадлагажигч эмч нар хоёрдугаар сарын 29-ний дотор ажилдаа эргэж орвол ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм байна. Харин заасан хугацаанд ажилдаа эргэж орохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна эмчлэх эрхийг нь түдгэлзүүлэхээр төлөвлөжээ. Дадлагажигч эмч нарын хамтарсан жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өглөө тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ли Санг Мин дээрх мэдэгдлийг хийсэн байна. Өмнөд Солонгосын анагаахын их сургуулиудын дадлагажигч эмч нар Анагаах ухааны сургуульд элсэх квотыг 65 хувиар буюу 2,000 хүнээр нэмэгдүүлэх Засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэж, өнгөрсөн мягмар гарагаас эхлэн ажил хаялт зарласан. Энэхүү эсэргүүцлийн улмаас Сөүл хотын томоохон эмнэлгүүд хагалгаагаа хойшлуулж, зарим цаг захиалгыг цуцалж байгаагаас өвчтөнүүдэд хүндрэл учирч байна.

БНСУ-ын дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ли Санг Мин “"Ноцтой нөхцөл байдалтай тулгарч байгаагийн хувьд сүүлийн удаа та бүхнийг ажилдаа эргэн орохыг уриалж байна. Хэрэв дадлагажигч эмч нар пүрэв гараг гэхэд ажилдаа эргэж орвол хариуцлага хүлээхгүй. Эмч таны дуу хоолой өвчтөнүүдийнхээ дэргэдээс илүү чанга сонсогдоно гэдгийг санаарай. Дадлагажигч эмч нар аа, эмнэлгүүд бол өвчтөнөө эдгээх таны мөрөөдөл биелэх газар юм шүү. Таны орхисон эмнэлгүүд айдас, түгшүүрээр дүүрэн байна. Таныг хамаг хүчээ дайчилж байсан эмнэлгүүддээ эргэн ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө харилцан ойлголцоно гэж найдаж байна" хэмээн ярилаа.

БНСУ-ын анагаах ухааны нийгэмлэгийн яаралтай тусламжийн хорооны дарга Ким Тэк-Ү “Одоогоор бид засгийн газрын шийдвэр буруу гэдгийг тэдэнд ойлгуулж, яриа хэлэлцээг эхнээс нь эхлүүлэхийг уриалахыг зорьж байна. Энэ тэмцэл бол 140 мянган эмчийн хамтын зорилго гэж бодож байна. Миний бие болоод яаралтай тусламжийн хороо, мөн 140,000 эмч зорилгодоо хүртлээ сайн дураараа хамтран ажиллана гэж итгэж байна” гэж онцоллоо.

Өмнөд Солонгос улс одоогоор жилд анагаахын их сургуульд 3058 оюутан элсүүлдэг юм байна. Харин хүн амын насжилт хурдацтай өсөж байгааг харгалзан эмч нарын орон тооны дутагдалтай байдлыг нөхөх үүднээс 2035 он гэхэд эмч нарын тоог 10 мянгаар нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Гэвч эмч нар сургуулиуд ийм олон шинэ оюутныг хүлээн авах боломжгүй, эмнэлгийн төлбөрийг нэмэгдүүлэхэд яаралтай санхүүжилт шаардлагатай гэж үзэн, засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцсэн, жагссаар байна. Гэвч эмч нарын энэ тэмцэл иргэд олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй байна, Өмнөд Солонгосын иргэдийн 75 орчим хувь нь засгийн газраас олон эмч бэлтгэхийг дэмжиж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Засгийн газар дадлагажигч эмч нарт ажилдаа эргэж ороход дөрөв хоногийн хугацаа өглөө  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй