Шууд Chart

Тариалан эрхлэгчид ХАА-н сайд нарын уулзалттай холбогдуулан трактортой жагсаалаа үргэлжлүүлж байна

2024-02-27 10:38:15

Европын холбооны хөдөө аж ахуйн сайд нар тариалан эрхлэгчдийн тавьж байгаа шаардлагыг хэлэлцэж байгаатай холбогдуулан тариалан эрхлэгчид трактортой жагсаалаа Брюссель хотноо Европын Холбооны төв байрны гадаа үргэлжлүүлж байна. Газар тариалан эрхлэгчид Европын холбооны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой ногоон бодлого тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж, эрх ашгийг нь боомилж байна гэсэн үүднээс эргүүлэн татахыг шаардаж байгаа юм. Европын холбоо тариаланчдын шаардлагыг сонсож байгаа, өөрчлөх боломжтой зүйлүүд дээр дүгнэлтээ хийнэ гэсэн байр суурьтай байна.

Сүүлийн хэдэн 7 хоногт Испани, Нидерланд, Болгар зэрэг Европын олон улсад газар тариалан эрхлэгчдийн жагсаал болсон. Европын холбооны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон бодлогын хүрээнд газар тариалан эрхлэгчид шавьж болон хогийн ургамал устгах бодисоос эхлээд тариан талбайд цацах бордоог хүртэл хязгаарлах үүрэг хүлээж байгаа юм. Гэвч энэ бодлого газар тариалан эрхлэгчдийн орлогыг нь бууруулж, тариалалт хийх зардлыг өсгөж, улмаар өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм байна. Италийн өмнөд хэсэгт орших жилдээ 4 тэрбум еврогийн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Касерта нь тус улсын ХАА-н үйлдвэрлэлийн гол бүсүүдийн нэг. Гэвч ЕХ-ны бодлого, ХАА-н салбарын зардал өссөнөөс сүүлийн 20 жилд газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдийн тоо хоёр дахин буурчээ.

Мөн ЕХ-ны ногоон хэлэлцээрийн дагуу тавьж байгаа шаардлагууд жижиг дунд фермерүүдэд татаас авахад бүр төвөгтэй болгосон байна. Мөн ЕХ Украинд туслахын тулд өөрийнхөө хөдөө аж ахуйн зах зээлд аюултай бодлого хэрэгжүүлж, Украины улаан буудай болон бусад бүтээгдэхүүнийг зах зээлдээ хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх болсон нь дотоод зах зээлийн орчныг улам бүр дордуулж байна" гэж газар тариалан эрхлэгчид нь эсэргүүцэж байна.

Европ тив даяар том хотуудын төв замуудыг хаасан газар тариалан эрхлэгчдийн эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилж байгаа, эсэргүүцлийн энэ хөдөлгөөн Европын холбооны 27 гишүүн орны ард түмний өдөр тутмын амьдралд нөлөөлж, бизнес эрхлэгчдэд олон арван сая еврогийн хохирол учруулж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тариалан эрхлэгчид ХАА-н сайд нарын уулзалттай холбогдуулан трактортой жагсаалаа үргэлжлүүлж байна  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй