Шууд Chart

Аминд халтай ханиалганы сиропны хэрэгтэй холбоотой этгээдүүдэд хорих ял оноов

2024-02-27 14:29:10

Узбекистан улсын шүүх 68 хүүхдийн аминд хүрсэн ханиалганы сиропны худалдаанд оролцсон 23 хүнд хорих ял оноосон байна. Тодруулбал, үхлийн аюултай сиропыг худалдахдаа татвараас зайлсхийсэн, стандартын шаардлага хангаагүй эм эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, залилан хийсэн, авлига авсан зэрэг хэргээр тус 23 этгээдэд 2-20 жилийн хорих ял оногдуулжээ.

Уг сиропны хэргийг шүүн таслах шүүх хурал сүүлийн 6 сарын турш үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Ташкентын шүүхээс 65 хүүхэд энэ ханиалганы сиропонд хордож амиа алдсан гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Харин өнгөрсөн сард мөрдөн шалгалтаар дахин 3 хүүхэд энэ сиропоос болж амиа алдсан гэдгийг олж тогтоожээ. Стандартын шаардлага хангаагүй сиропыг Энэтхэг улсын Марион Тек гэх компани үйлдвэрлэснийг Узбекистан улсын Курамакс Медикал гэх эмийн компани оруулж ирсэн байна. Курамакс Медикалын гүйцэтгэх захирал Синх Рахвендра Пратар гэгч хамгийн олон жилийн хорих ял буюу 20 жилийн хорих ял сонсжээ. Уг сиропыг худалдаанд гаргах лицензийг олгосон төрийн албан тушаалтанд мөн олон жилийн хорих ял оноосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор Марион Биотек компанийн үйлдвэрлэсэн Амбронол, Док-1 Макс гэх хоёр ханиалганы сироп дахь бохирдуулагч бодис хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байсан байна. Улмаар Энэтхэгийн эрүүл мэндийн яам тус эмийг үйлдвэрлэхийг хориглож, Марион Текийн лицензийг хураажээ. Стандартын шаардлага хангаагүй сиропонд хордож амиа алдсан 38 хүүхдийн ар гэрийнхэнд тус бүр 80 мянган америк долларын нөхөн олговор олгохоор шүүхээс шийдвэрлэжээ.

Мөн сиропонд хордож амь насаараа хохироогүй ч эрүүл мэндээрээ хохирч саажсан 4 хүүхдийн ар гэрт энэ нөхөн олговрыг мөн өгөх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аминд халтай ханиалганы сиропны хэрэгтэй холбоотой этгээдүүдэд хорих ял оноов  
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй