Палестины Ерөнхий сайд Мухаммед Штайе огцорч байгаагаа Даваа гарагт зарласан байна. Тэрээр огцрох хүсэлтээ Палестины ерөнхийлөгч Махмуд Аббаст хүргүүлж, Газын зурваст дайн, геноцид, өлсгөлөн зовлон нүүрлэсэн хүнд хэцүү цаг үед огцрох шийдвэр гаргалаа гэж мэдэгдсэн байна. Мухаммед Штайе энэ шийдвэрээ Газын зурвас дахь дайн дууссаны дараа тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахад шинэ улс төрийн тогтолцоо бий болгох замыг засаж өгч байгаа хэлбэр гэж тайлбарласан байна.
Ерөнхий сайд Мухаммед Штайе өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт огцорч байгаа гэдгээ ерөнхийлөгч Аббаст мэдэгдсэн. Даваа гарагт хүсэлтээ албан ёсоор гарын үсэг зурж өгсөн гэдгээ албан ёсны кабинетын мэдэгдлийнхээ үеэр мэдэгдсэн юм. Одоо байгаа Палестины засгийн газар палестинчуудын бас нэгэн төвлөрөн суудаг Иордан голын баруун эргийн зарим хэсгийг засагладаг. Палестины одоогийн засгийн газрыг солих талаар АНУ-ын зүгээс ерөнхийлөгч Махмуд Аббаст шахалт үзүүлж байгаа талаар засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. АНУ Газын зурвас дахь дайн дууссаны дараа тусгаар тогтносон Палестин улсын шинэ засгийн газар байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Мухаммед Штайе Палестины Ерөнхий сайд “Одоогийн кабинет огцорсны дараах алхам бол Газын зурвас дахь нөхцөл байдлыг бодитоор шүүн тунгааж, хоёр хэсэг салан тусгаарлагдсан палестины ард түмнийг үндэстний хэмжээнд нэгтгэж, үндэсний эв санаанд нийцсэн зөвшилцөлд нэн даруй хүрэх юм. Энэ зөвшилцөл өргөн хүрээг хамарч, Палестины тусгаар улс байгуулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.
Одоогоор ерөнхийлөгч Махмуд Аббас Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг албан ёсоор хүлээн аваагүй гэсэн мэдээлэл байна. Штайег орлох хүн гарч иртэл түүнийг ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн хэвээр байхыг ерөнхийлөгч хүсэж магадгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Палестины захиргаа нь 1993 онд Палестины Чөлөөлөх байгууллага болон Израил улсын удирдагчид харилцан зөвшилцөж гарын үсэг зурсан Ослогийн гэрээний үр дүнд үүссэн засаглах эрх бүхий байгууллага юм. Тухайн үед Ослогийн гэрээгээр нэг нутагт хоёр улс гэсэн тогтолцоо оршин байх боломжтой гэдэг үндэслэлээр энэ гэрээг байгуулж байсан байна. Уг гэрээний дагуу Палестины захиргаа нь Газын зурвас болон Иордан голын баруун эргийн нутаг дахь Палестинчуудыг засаглах эрхтэй болсон. Гэсэн ч 2007 онд Палестины зэвсэгт Хамас бүлэг Палестины засгийн газартай зөрчилдөх болж, улмаар Газын зурвасын эрх мэдлийг хүчээр авсан байдаг.
Палестины захиргаа Хамас бүлэгтэй тохиролцож, нэгдсэн засгийн газар байгуулахын тулд хичээл зүтгэл гаргаж, энэ Лхагва гарагт Москвад уулзаж, зөвшилцөхөөр байгаа. Хамасын өндөр албан тушаалтан энэ уулзалтаар өргөн хүрээнд нэгдсэн хэлэлцээрт хүрч чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Москва дахь уулзалттай зэрэгцэн Газын зурваст дайтагч талууд Катар улсын нийслэл Доха хотноо зуучлагч улсуудын хамтаар зөвшилцөж, гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар ирэх Даваа гараг гэхэд хоёр талууд тохиролцооны дагуу шаардлагуудаа биелүүлж, барьцааны иргэдийг суллаж магадгүй гэдгийг олон улсын агентлагууд бичжээ.
Палестины Ерөнхий сайд огцорч байгаагаа мэдэгдэв | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.