Шууд Chart

Олон улсын сэтгүүлчид Газын зурваст нэвтэрч ажиллахыг хүсжээ

2024-02-29 16:05:20

Газын зурваст дайн эхлээд хагас жил шахмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Израил улс Газын зурвасыг бүхэлд нь бүсэлж, умард болон төвийн гээд ихэнх хэсэгт нь цэргээ оруулж, гаднаас аливаа тусламж орж ирэх урсгалыг маш хатуу хянаж байгаа. Түүнээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдыг мөн тийм ч амар нэвтрүүлэхгүй байгаа юм. Тэгвэл олон улсын агентлагуудын 55 сэтгүүлч энэ зурваст чөлөөтэй нэвтэрч, нөхцөл байдлыг шууд сурвалжлах боломж гаргаж өгөхийг Израил болон Египет улсуудаас хүсжээ.

Хүсэлт гаргасан сурвалжлагчид Газын зурвасаас нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэх нь тэдний хүлээсэн үүрэг, зайлшгүй хийх ёстой зүйл гэдгийг онцолсон байна. Газын зурваст цэргийн хүчээ нэвтрүүлээд байгаа Израил улсын батлан хамгаалах арми маш цөөн тооны сэтгүүлчийг цэргийн хараа хяналт доор Газын зурвасаар авч явж, нөхцөл байдалтай аюулгүй танилцуулна гэж тайлбарласан. Өнгөрсөн хугацаанд Газын зурвас дахь нөхцөл байдлыг Палестины орон нутгийн агентлагийн сурвалжлагчид дийлэнхдээ шууд мэдээлж байсан юм. Гэвч сүүлийн 6 сарын хугацаанд Палестины 70 гаруй сэтгүүлч энэ бүсэд амиа алдаж, ор сураггүй алга болоод байна. Газын зурвас сэтгүүлчдэд хамгийн аюултай бүс гэж тооцогдож байна. Олон улсын сэтгүүлчдийн тайлбарлаж байгаагаар тэднийг Израилын цэргүүд маш өндөр хяналт дор Газын зурвас руу нэвтрүүлэх тохиолдол бий. Тэгэхдээ зөвхөн Хамас бүлгийн нуувч байсан гэж Израилын талын нотолж байгаа газар доорх байгууламжуудаар л авч явдаг гэж мэдээлжээ.

Дайн эхэлснээс хойш олон улсын ганцхан сэтгүүлч Газын зурваст газар дээр ил явж, нөхцөл байдалтай танилцах боломж олдсон нь CNN агентлагийн сурвалжлагч Кларисса Уорд юм. Тэрээр Египеттэй хиллэдэг Рафах боомтоор нэвтэрч, мөн л Израилын цэргийн өндөр хяналт дор явсан гэдгээ илэрхийлсэн. Тэрээр хүсэлт гаргаж гарын үсэг зурсан сэтгүүлчдийн дунд мөн багтжээ. Сэтгүүлчид мөн Египетийн засгийн газраас Рафах боомтоор чөлөөтэй нэвтрүүлж өгөхийг хүссэн байна. Тэд гаргасан хүсэлтдээ “Газын зурваст өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлыг тууштай сурвалжилсан Палестин сэтгүүлчдийн хүч хөдөлмөрийг үнэлэх ёстой. Олон улсын сэтгүүлчид тэдний талд, тэдний эрхийг хамгаалахдаа бэлэн байна. Тиймээс ч нөхцөл байдлыг олон улсын сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжлах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хүсэлт гаргасан агентлагуудад Их Британийн BBC, ITV, Channel 4, Sky News, АНУ-ын ABC, CBS, CNN, NBC зэрэг багтжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын сэтгүүлчид Газын зурваст нэвтэрч ажиллахыг хүсжээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй