Шууд Chart

Ойн салбарынхан чуулна

2024-03-01 12:23:49

Төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарынхан 2021 онд үндэсний анхдугаар чуулганаа хийсэн.

Энэ чуулганаар байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилтийн талаар хэлэлцэж зөвлөмж гаргасан юм.

Тэгвэл энэ сарын 5-нд “Ойн салбарын үндэсний II чуулган” болох гэж байна.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд чуулганы зорилго чиглэж байна.

Чуулганд “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьж, салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдлийнхээ талаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. 


Ойн салбарынхан чуулна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй