Шууд Chart

Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 2023 онд түүхэн дээд түвшинд хүрчээ

2024-03-03 13:51:29

2023 онд эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Олон улсын эрчим хүчний агентлаг тайлан гарсан байна.

Тус агентлагийн судалгаагаар 2023 онд нүүрстөрөгчийн давхар исэл 410 сая тонн буюу 1.1 хувиар өсөж, 37.4 тэрбум тоннд хүрсэн нь өмнө нь байгаагүй үзүүлэлт болжээ. Гэхдээ цэвэр эрчим хүчний технологиудыг өргөнөөр ашиглаж байгаагийн үр дүнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын өсөлт өмнөх жилүүдийнхээс удааширч буй юм байна.

Гэхдээ 2022 онд газрын тос, нүүрс зэрэг хатуу түлшийн шаталтаас үүдэлтэйгээр нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 490 сая тонн буюу 1.3 хувиар нэмэгдэж байсантай харьцуулахад 2023 оны 1.1 хувь бол багассан үзүүлэлт гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлагийн жил тутмын тайланд дурдсан байна.

Нарны эрчим хүч цуглуулагч хавтан, салхин сэнс, цөмийн эрчим хүч, цахилгаан автомашин зэрэг ногоон технологи байхгүй байсан бол сүүлийн 5 жилд дэлхий даяар эрчим хүчний аж үйлдвэрлэлээс ялгарч байгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын өсөлт 900 сая тонноос гурав дахин их байх байсан гэж шинжээчид үзэж байна.

Хэдийгээр эрчим хүчний технологиуд хий ялгаруулалтыг хязгаарлахад дэмжлэг болж байгаа ч дэлхийн цаг агаарын темпратурын өсөлтийг бууруулахын тулд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг дорвитой бууруулах шаардлагатай гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд анхааруулжээ.

Ган гачиг хий ялгаруулалт өсөхөд гол нөлөө үзүүлж буй юм байна. Тухайбал, өнгөрсөн жил Хятад, АНУ, Энэтхэг болон бусад улсад ган гачиг нүүрлэсэн нь усан цахилгаан станцын үйлдвэрлэлд саад учруулсан. Ган гачгаас үүдэлтэйгээр нүүрстөрөгчийн давхар ислийн өсөлт 40 орчим хувь буюу 170 сая тонн хий ялгаруулжээ.

Ган гачгаас ийм нөлөөлөл гараагүй бол дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрлэлээс гарсан ялгаруулалт 2023 онд буурах байсан гэж шинжээчид үзсэн байна.

Үлдсэн өсөлтийг нүүрснээс ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл эзэлжээ.

Цар тахлын дараа Хятадын эдийн засаг нээгдэж, агаарын тээврийн салбар сэргэсэн нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өсөхөд мөн нөлөөлжээ.

Судалгаагаар өндөр хөгжилтэй улсуудад эерэг шинж тэмдэг ажиглагдсан байна. 2023 онд аж үйлдвэржсэн орнуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн наад зах нь тэн хагас нь сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг хий бага ялгаруулдаг эх үүсвэрээс бүрдсэн байна.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д эрчим хүчнээс үүдэлтэй ялгаруулалт 4.1 хувь, Европын холбоонд 9 хувиар буурсан байна.

Нүүрсний эрэлт 1900-аад оны эхэн үеэс хойш ажиглагдаж байгаагүй түвшиндээ буцаж буурснаар өндөр хөгжилтэй орнуудын ялгарлын хэмжээ сүүлийн 50 жилийн доод түвшинд хүрч буурсан байна.

Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ нэмэгдэж байхад тус улс 2023 онд дэлхийн нар, салхины эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн 60 орчим хувийг нийлүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 2023 онд түүхэн дээд түвшинд хүрчээ   
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй