Шууд Chart

ЦЕГ: 156 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ

2024-03-11 14:25:53

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны 03 дугаар сарын 04-өөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлсэн байна.
 
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 70, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 46, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, бусад 4 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 63.456 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.742 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.322 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 420 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1727, Танхайрах 74, Хүний биед халдах 71, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 183, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.161, бусад 4526 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 101 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 28, сураггүй алга болсон хүн 24, шүүхээс даалгасан хүн 24, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
 
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
Экологийн цагдаагийн албанаас иргэн Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
Мөн иргэн Б.А нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
 
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
 
Цагдаагийн байгууллагад "2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн
“Энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж энэ 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэн ажилласан.
 
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ЦЕГ: 156 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй