Шууд Chart

БНЭУ маргаан дагуулсан цагаач иргэдийн тухай хуулиа хүчин төгөлдөр болгоно

2024-03-12 14:19:00

Энэтхэг улсын засгийн газар олон улсад маргаан дагуулаад байсан цагаач иргэдийн тухай хуулиа албан ёсоор баталж, хүчин төгөлдөр болгохоор төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. 2019 онд өргөн барьж байсан энэ хууль нь мусульман шашинтай иргэдийн эсрэг ялгавар үзэл сурталчилсан хууль гэж шүүмжлүүлээд байсан юм. Тодруулбал, уг хуульд Энэтхэг улс Пакистан, Бангладеш, Афганистан улсуудаас мусульман биш иргэдийн цагаачлах хүсэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн агуулгыг тусгаж өгчээ.

Энэтхэгийн засгийн газраас энэ хуулиа тайлбарлахдаа нэр нь дурдагдсан улс орнууд бол мусульман шашинтай иргэд зонхилдог, исламын шашин шүтдэггүй нийгмийн цөөнх нь шахалт хавчлагад өртдөг. Тиймээс тэр шахалт хавчлагад өртөж байгаа иргэдийг улсдаа хүлээн авахад бэлэн гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Анх энэ хуулийг 2019 онд өргөн барьж байхад Энэтхэг даяар маш том эсэргүүцэлтэй тулгарч, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүмүүс амь үрэгдэж, олон хүнийг баривчилсан хэрэг гарч байсан. Энэтхэг улс нь өөрөө маш том исламын шашин шүтдэг иргэдийн бүлэгтэй. Нэг тэрбум 400 сая хүн амтай Энэтхэг улсад исламын шашин шүтдэг 200 сая гаруй иргэн байдаг гэсэн статистик байна. Энэ нь нийт хүн амын 14 хувь гэсэн үг юм. Тиймдээ ч дээрх цагаачдын тухай хуулийг 2019 онд албан ёсоор баталж чадаагүй юм. Гэвч ийнхүү 5 жилийн дараа батлах гэж байна. Энэ талаар Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна. Ингэхдээ “Ерөнхий сайд Нарендра Моди Пакистан, Бангладеш, Афганистан улсуудад оршин суудаг Хиндү, Сикх, Будда, Жаин, Парси, Христ шүтлэгтэй иргэдэд 5 жилийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэх ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргахаар болсон” гэж бичжээ. Энэ онд Энэтхэг улс парламентын сонгуультай. Сонгуульд ерөнхий сайд Нарендра Модигийн Хиндуизм дээр суурилсан Бхаратъя Жаната нам бас өрсөлдөнө. Тэдний намын мөрийн хөтөлбөрөө болгож, урдаа барьж байгаа гол бодлого нь энэ шинэ цагаачдын тухай хууль юм байна. Сүүлийн 64 жил өөрчлөлт ороогүй Энэтхэгийн цагаачдын тухай хуульд энэ шинэ хууль нэмэлт өөрчлөлт болон тусгагдах төлөвтэй байна. Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу гадны хууль бус цагаач Энэтхэгийн иргэн болохыг зөвшөөрдөггүй. Харин шинэ хуулийн дагуу 2014 оны 12-р сарын 31-ээс хойш гаднаас хууль бусаар цагаачлан орж ирж суурьшиж байгаа хүмүүс Пакистан, Бангладеш, Афганистанаас ирснээ баталж чадвал Энэтхэгийн иргэншилтэй болох боломжтой болох юм. Засгийн газраас энэ хууль хэзээнээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг хараахан мэдээлээгүй байна. Уг хуулийг шүүмжилж байгаа хүмүүс Энэтхэгийн үндсэн хуультай харшлах хууль байна гэж үзэж байгаа. Энэтхэгийн үндсэн хуульд аливаа хувь хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж зааж өгсөн байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ маргаан дагуулсан цагаач иргэдийн тухай хуулиа хүчин төгөлдөр болгоно  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй