Шууд Chart

ИБУИНХУ-д бэлэн мөнгөний хэрэглээ багасжээ

2024-03-12 14:34:55

Их Британи улсад КОВИД цар тахлын жилүүдээс хойш бэлэн мөнгөний хэрэглээ эрс багассан байна. Сангийн яамнаас нь цар тахлын дараа бэлэн мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэхийг оролдсон ч эргэж сэргээгүй байна. Тэгвэл Их Британийн улсын төсвийн сүүлийн үеийн тайлангаас харвал иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ буурсан нь төсөвт хуримтлагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 12 тэрбум фунтаар өсгөж өгчээ. Шалтгаан нь жижиг дунд бизнес эрхлэгчид, жижиг аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байсан үеийнх шигээ нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломжгүй болсноос ийнхүү төсвийн хуримтлал нэмэгдсэн гэж санхүүгийн шинжээчид тайлбарласан байна.

Их Британид барилгачин, сантехникч, цахилгаанчин зэрэг хүмүүс, наймаачид ялгаагүй нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг. Гэхдээ зарим тохиолдолд үйлчлүүлэгч, ажилчин хоёр тохиролцож, бэлэн мөнгөөр төлбөр төлөх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийг дундаа суутгаж төлбөр өгч авалцах нь  байдаг. Тэгвэл иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ буурснаар төлбөр заавал цахим юм уу карт хэлбэрээр дамжих ёстой болж, аж ахуй эрхлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Бэлэн мөнгө ноёрхож байхад хуримтлуулж чадаагүй татвараас бүрдэх төсвийн хөрөнгийг сүүлийн хэдхэн жилийн дотор дийлэнхийг нь нөхөж чадсан гэж төсвийн байнгын хорооны дарга нь мэдээлжээ.

КОВИД цар тахлын жилүүдэд иргэд бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь байтугай бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас хүртэл цэрвэдэг байсан. Яг энэ үед аж ахуй бизнес эрхлэгчид худалдаагаа авч үлдэхийн тулд цахим худалдааг эрчимтэй хөгжүүлж, дагаад цахим төлбөрийн хэрэгсэл цаасан мөнгө, задгай зоосыг орлох болжээ. Цар тахлын жилүүд дуусахад зарим аж ахуй нэгж бэлэн мөнгөөр эргээд үйлчилж эхэлсэн ч зарим нь одоо ч цахим төлбөрийн хэрэгсэл л зөвхөн ашигласан хэвээр байна. Өнгөрсөн жил Их Британийн цахим орчинд аж ахуй нэгжүүд бэлэн мөнгөөр худалдаа хийхгүй байх нь хууль бус хэрэг гэсэн эсэргүүцэл газар авсан. Гэвч олон улсын баримт шалгагч factcheck.org байгууллагын шалгасны дагуу дэлгүүрүүд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй гэж шийдэх нь хуулинд харшлахгүй гэж залруулсан байна. Британийн засгийн газраас ч үүнийг хүлээн зөвшөөрч байжээ. Түүгээр ч барахгүй засгийн газар бэлэн мөнгөний хэрэглээг зохицуулдаг үүрэгтэй байгууллага биш гэсэн утгатай мэдэгдэл гаргаж байсан байна. Гэхдээ бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, бэлэн мөнгөний хэрэглээ багасаж байгаа нь нэг талдаа нэмэгдсэн өртгийн албан татварын хуримтлалыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд татвараа шударгаар төлдөг болоход тустай ч нийгмийн эмзэг бүлэгт бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх нь хүндээр тусна гэж үзэх бүлэг бас байна.

Мөн хүн бүр зээлийн, кредит карт ашиглахыг хүсдэг гэвэл өрөөсгөл. Тэр боломж нь хүн бүрд ижил тэгш хүртээмжтэй байх ч боломжгүй гэж зарим нь үзэж байна. Тиймээс аж ахуй эрхлэгчид иргэдэд төлбөрийн хэрэгслээ сонгох боломжийг нь олгох ёстой гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Мартин МкТаг илэрхийлжээ. Мөн интернэт сүлжээ унасан үед, сүлжээгүй газар бэлэн мөнгө амин чухал төлбөрийн хэрэгсэл болдог төдийгүй, гадны жуулчид Их Британид ирээд дийлэнхдээ бэлэн мөнгө ашигладаг тул бэлэн мөнгө сонголт хэлбэрээр оршин тогтносоор байх ёстой гэж үзжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-д бэлэн мөнгөний хэрэглээ багасжээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй