Шууд Chart

Хаити: Дээрмийн бүлэглэлүүд төрийн ордныг галдав

2024-03-12 15:01:31

Арваад хоногийн өмнө төв Америкийн Хаити улсад эхэлсэн дээрмийн бүлэглэлүүдийн бослого мөргөлдөөний нөхцөл байдал хурцаджээ. Хаитигийн нийслэл Порт-О-Пренс хотод дээрмийн бүлэглэлүүд гаарч, төрийн ордон руу дайран, дотоод хэргийн яамны барилгыг бөмбөгдөж, галдсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан байна. Анархистууд Хаитиг маш хурдан үймээнд хутгаж байна гэж Их Британийн BBC агентлаг бичиж нийтэлжээ.

Төв Америк, Латин Америкийн орнуудад дээрмийн бүлэглэлүүдийн хүчирхэгжилт том асуудал болоод удаж байна. Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө Хаитигийн ерөнхий сайд Ариел Хенри Төв Африкийн Кени улсад айлчилж, тус улсын батлан хамгаалах хүчтэй хамтран дээрмийн бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой яриа хэлцэл эхлүүлсэн юм. Гэвч Хаитигийн дээрмийн бүлэглэлүүд үүнийг нэн даруй эсэргүүцэж, эхнээсээ бослого үймээн дэгдээж эхэлсэн. Ерөнхий сайдыг Кени рүү ниссэн хойно нийслэл Порт-о-пренс болон өөр нэг хотын хоёр том хорих ангид халдлага гарч, дотор нь хоригдож байсан 3000 орчим дээрмийн бүлэглэлийн гишүүн оргон зайлсан хэрэг гарсан. Улмаар Хаити дахь үймээн самуун улам даамжирч байна. Дээрмийн бүлэглэлүүд төрийн ордон руу халдахаасаа өмнө олон улсын нисэх онгоцны буудал руу мөн халдсан байна. Хаити улсын засгийн газар нөхцөл байдал хурцдах үед олон улсын нисэх онгоцны буудлаа нэн даруй хааж, түүгээр дамжин өнгөрөх, хөөрөх, буух бүх нислэгийн цуцалсан юм. Цуцлагдсан нислэгүүд дунд ерөнхий сайдын нислэг ч байжээ. Ерөнхий сайд Хенри өнгөрсөн долоо хоногт Кени улсаас АНУ руу нисэж, тэндээсээ Хаити руу нисэх гэсэн боловч онгоцыг нь газардах зөвшөөрөл олгоогүй байна.

Улмаар ерөнхий сайд хөрш Бүгд Найрамдах Доминикан улс руу нисэж, тэндээсээ Пуэрто Рико улс руу нисэн, тэндээ гацчихаад байгаа юм. Түүнийг бэлгэ тэмдэг төдий удирддаг улсынхаа газар шороон дээр хөл тавих боломжгүй болжээ гэж олон улсын хэвлэлүүд бичсэн байна. Яг одоогоор үймээн самуунтай байгаа Хаити улсад АНУ-ын цэргийн хүч нэвтрээд байгаа. Тус улс дахь АНУ-ын элчин сайдын яамыг хамгаалах хэрэгтэй гэж АНУ-ын төрийн департаментаас хүсэлт тавьсны дагуу Пентагон цэрэг илгээлээ гэж мэдэгдсэн. Европын Холбоо мөн Хаитид байгаа бүх дипломат албаныхнаа эгүүлэн татаад байна. Хаити улсад хамгийн сүүлд 2010 онд хүчтэй газар хөдөлж, хэдэн зуун мянган хүн амь эрсэдсэнээс хойш үндэсний хэмжээнд энэ хэмжээний ноцтой хүмүүнлэгийн асуудал анх удаа л нүүрлэж байна гэдгийг олон улсын ажиглагчид онцолжээ. Гадаадын улс орнууд иргэдээ, дипломатчидаа эгүүлэн татсаар байгаа ч Хаити улсын иргэдийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдлаас зугтаах боломж байхгүй байна. Хаити улсын 11 сая 500 мянган хүн ам яг одоо хүмүүнлэгийн хямралт нөхцөл байдалтай тулаад байна. Тодорхой хэмжээний нийгмийн хямрал байнга оршин байдаг энэ улсад 2004 онд НҮБ-ын энхийг сахиулах хүч байршиж, улсын тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байгаад 2017 онд тус улсыг орхин гарсан байдаг. Түүнээс хойш дээрмийн бүлэглэлүүдийн хэт даврал улам нэмэгдэх болсон. 2021 онд Хаити улсын хамгийн том дээрмийн бүлэглэл тухайн үеийн ерөнхийлөгч Жовенель Моесег Порт-О-Пренс дэх гэрт нь хөнөөснөөр дээрмийн бүлэглэлүүд хэрээс хэтэрч эхэлжээ. Өнөөдөр дээрмийн бүлэглэлүүдийн халдлагаас үүдэлтэй маш олон хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хаитигийн улсын төв эмнэлэгт өвчнүүд дүүрэн ч тэднийг эмчлэх эмч, ажилчид бүгд зугтаасан гэж зарим өвчтөн ярьж байна. Ерөнхий сайд нь улсдаа байхгүй, засгийн газар унасан энэ нөхцөлд дээрмийн бүлэглэл төрийн эрхийг авах нь бараг тодорхой болж байна гэж BBC агентлаг бичиж байна.

Одоогийн байдлаар нийслэл Порт-О-Пренс хотын 80 хувийг дээрмийн бүлэглэлүүд эзэлжээ. Дээрмийн бүлэглэлийнхэн ерөнхий сайд Ариел Хенриг огцрохыг шаардаж байгаа. Хэрвээ ерөнхий сайд хүсэлтээрээ огцрохгүй, олон улсын хүчтэй нийлж Хаитид орж ирвэл энэ улсад иргэний дайн болох нь гарцаагүй гэж иргэд нь үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хаити: Дээрмийн бүлэглэлүүд төрийн ордныг галдав  
Үзсэн: 2194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 20:24
Сайхан мэдээ байна гэж хартал Хайтид байжээ хог гэж
Зочинд [127.0.0.xxx] 2024-03-15 08:31
Та татвар төлдөггүй хүн үү? Нэг муу байшин шатаагаад амжилт оллоо юу.

Бидэнтэй нэгдээрэй