Шууд Chart

Хятадын Коммунист нам төрийн зөвлөлөөс илүү гүйцэтгэх эрх мэдэлтэй болжээ

2024-03-12 16:48:27

БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өнгөрсөн долоо хоногоос эхэлж, өчигдөр буюу Даваа гарагт хаалтын хурал болж өндөрлөлөө. Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас сүүлчийн өдөр хянан сайжруулсан шинэ хуулийн дагуу Хятадын Коммунист намын гүйцэтгэх эрх мэдэл нь Хятадын засгийн газар буюу Төрийн зөвлөлийнхөөс илүү болжээ. Мөн жил бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дараа болдог хэвлэлийн бага хурлыг энэ жил цуцалсан байна.

Ардын төлөөлөгчдийн их хурлын нийт төлөөлөгчид Даваа гарагт санал хурааж, Төрийн зөвлөлийн гүйцэтгэх эрх мэдлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нийт 2883 гишүүн зөвшөөрч баталсан бол 8 гишүүн энэ хуулийг эсэргүүцэж, 9 гишүүн санал өгөхөөс түдгэлзжээ. Хятадын Төрийн зөвлөл нь манайхаар засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг, Хятадын 21 яамдын үйл ажиллагаа болон орон нутгийн засгийн газруудын үйл ажиллагааг хянадаг дээд байгууллага юм. Сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд И Чянаар удирдуулсан Төрийн зөвлөлийн эрх мэдэл аажмаар багассаар байна гэдгийг олон улсын ажиглагчид дурдаж байна. Гүйцэтгэх үндсэн эрх мэдэл нь аажим багасаж байгаагийн хамгийн сүүлийн жишээ саяын Ардын төлөөлөгчдийн их Хурлын тогтоол байлаа гэдгийг ч мөн олон улсын агентлагууд дурджээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гүйцэтгэх эрх мэдлийн тухай хуулинд 1982 оноос хойш нэмэлт өөрчлөлт оруулж байгаагүй юм байна. Энэ удаагийнх сүүлийн 40 жилд анх удаа оруулж байгаа нэмэлт өөрчлөлт болж байна. Энэ маягаараа Төрийн зөвлөлийн эрх мэдэл Хятадын Коммунист нам руу дийлэнх нь шилжиж, засгийн газар нь ХКН-ын нэг чиг үүргийн байгууллага болох магадлалтай гэж олон улсын эрх зүйчид Ройтерс агентлагаар дамжуулах дүгнэжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн гүйцэтгэх эрх мэдлийн тухай хуулинд оруулсан шинэ нэмэлт өөрчлөлтөд “Төрийн зөвлөл нь Хятадын Коммунист намын Төв хорооны төвлөрсөн удирдлага, удирдлагын аппаратыг тууштай дэмжинэ” гэж зааж өгсөн байна. Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын дэд дарга Ли Хун Жун энэ шинэчилсэн хууль нь Хятадын Коммунист намын шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилготой гэж тайлбарласан байна.

Мөн Үндсэн хуульд бүрэн тусгагдана гэж дурджээ. Хятадын Үндсэн хуульд сүүлд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд ХКН-ын эрх мэдлийг дахин баталгаажуулж өгсөн байдаг юм. Тэгвэл Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын дараа болдог хэвлэлийн бага хурал нь уламжлал ёсоор бол Бээжингийн эдийн засаг, бодлого төлөвлөлтийн хуанлин дагуу маш их хүлээгддэг том үйл явдал юм. Гэвч энэ хурал сүүлийн 30 жилд анх удаа цуцлагдлаа. БНХАУ-ын дарга Ши Жинь Пин 2012 онд буюу одоогоос 12 жилийн өмнө төрийн эрхэнд гарснаас хойш хэд хэдэн засгийн газрын яамдыг хянаж, өөрт нь мэдээлж байх зорилгоор шинэ намын төв комиссуудыг байгуулсан байдаг. Эдгээр комисс нь өнгөрсөн хугацаанд зөвхөн ерөнхий сайд, засгийн газрын эрх мэдлийн хүрээнд багтдаг эдийн засаг, санхүүгийн бодлогод нөлөөлсөөр иржээ.

Өнгөрсөн жил ч мөн ХКН-аас яамдыг хянах хэд хэдэн хороо байгуулсан. Түүний араас Төрийн зөвлөл гүйцэтгэх эрх мэдэл нь ХКН-ын бодлогод хамаардаг гэж тодруулж байжээ. Түүнээс хойш долоо хоног бүр хуралддаг байсан Төрийн зөвлөл 2-3 сардаа нэг хуралддаг болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Коммунист нам төрийн зөвлөлөөс илүү гүйцэтгэх эрх мэдэлтэй болжээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй