Шууд Chart

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

2024-03-18 10:04:55

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 103 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг  мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.

Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Монгол цэргийн эртний түүх бол Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, түүний хөвгүүдийн байгуулсан тусгаар тогтносон Их Монгол улсын түүх юм. Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн II дайн, өнөөгийн Ардчилсан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Дэлхий дахины энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнаар түүчээлсэн түүхийг бүтээж ирсэн олон зуун жилийн Монгол цэргийн үеийн үед дуурсагдах бахархалт гавьяат үйлсийг бүтээсэн байдаг.

Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бичсэн "Монгол цэргийн өдөр"- Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад дайчдад, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, мөрдэс зүүсэн хэн бүхэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай!


“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй