Шууд Chart

Байгаль орчны салбарын зарим хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийлээ

2024-03-21 14:01:47

Монгол Улс  байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж,  олон улсын 17 конвенцид  нэгджээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай  зэрэг  өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ.

Зарим хуулийн төслүүд хэлэлцэхэд бэлэн гэж байгаа авч боловсруулалтын шатанд  эргэн харах шаардлага байна. УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг болон “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн баг хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийжээ.

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн гишүүд болон төслийн багийнхан хамтран байгаль орчны чиглэлээрх хуулиудад хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалтыг  /2024.03.21/  байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Б.Ундрам, С.Ганбаатар нарын гишүүд оролцлоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга Ц.Цэрэнпунцаг, байгаль орчны салбарын суурь хуулиудад шинэчлэл хийхгүйгээр салбарын бусад хуулиудын уялдаа, холбоо, хэрэгжилтийн үр дагавар хангалттай бус байна. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдэд нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд олон улсын болон дотоодын экспертүүдтэй хамтарсан энэхүү дүн шинжилгээ үр дүнгээ өгөх болно. Тухайлбал, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль 1994 оноос хойш мөрдөгдөж байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай нь харагдлаа. Мөн Ойн тухай, Газрын тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын ерөнхий хуулийн төслийн харьцуулсан дүн шинжилгээг хийсэн. Энэхүү дүн шинжилгээг хууль тогтоогчдод танилцуулж, байгаль орчны чиглэлээрх хууль эрх зүйн орчныг сайжруулахад ажиллана  гэв. 

Төслийн багийн зөвлөх Д.Доржсүрэн байгаль орчны чиглэлээрх хуулиудад хийсэн ерөнхий дүн шинжилгээгээ танилцуулсан юм. Тэрбээр, эдгээр хуулиудад нийт 96 давхцал, 335 хийдэл, 164 зөрчил байна. Хэт олон хуулиуд нэр томьёоны хувьд давхцахаас гадна хэрэгжүүлэхэд саад бэрхшээлтэй. Ямар ч уялдаа холбоогүй зүйл, заалт цөөнгүй байна. Тухайлбал, Газрын тухай багц хуулиар түүний ашиглах харилцааг зохицуулж байгааг засч, цаашид байгаль орчны багц хуульд эргүүлэн оруулж, байгалийн нөөцийг эдийн засгийн тодорхой чиглэлүүдээр ашиглах, эзэмших, өмчлөх зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг зохицуулдаг болох хэрэгтэй байна. Ер нь бол Зөрчлийн тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудад салбарын хуулиудын хариуцлагын болон зөвшөөрлийн зүйл заалтуудыг ангилан эмхтгэсэн туршлагыг харгалзан Байгаль орчныг хамгаалах, Орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, Орчны хяналт шинжилгээний тухай болон Ойн тухай, Усны тухай, Газрын тухай гэсэн 7 үндсэн чиглэлээр нэгтгэн боловсруулахыг зүйтэй гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Байгаль орчны салбарын зарим хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийлээ  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй