Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

2024-03-23 11:43:36

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэллийг өчигдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, түншлэлийн харилцааг улам бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдлыг америкийн тал сайтар ойлгож, өндөр дүнтэй тусламж үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл хоёр улсын бат бэх түншлэл, олон тулгуурт харилцааг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түншийн хувьд боловсрол, аялал жуулчлал, зам, тээвэр, технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-ий халуун дотно мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх 8 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар ярилцав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй