Шууд Chart

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт зохион байгуулагдаж байна

2024-03-28 16:16:46

“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт энэ сарын 28,29-ний өдрүүдэд Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдаж байна. Уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга үг хэллээ.
Чуулганаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, геологичид, судлаачид, орон нутаг, төрийн байгууллагын төлөөлөл гээд оролцогч талууд нэгэн танхимд цуглаж, салбарын ололт амжилт, тулгараад буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр Монгол орны нутаг дэвсгэрийн 44% буюу 688 мян.км2 талбайг 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд хамруулсан бөгөөд одоо хэрэгжиж байгаа төслийн хэмжээнд авч үзвэл 51%-д хүрч байна.

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олгох асуудлыг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, 257 тусгай зөвшөөрлийг олгож, 66.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Үүнээс гадна эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан өндөр технологийн түүхий эд, алт болон бусад ашигт малтмалын чиглэлээр судалгаа, эрэл, эрэл-үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол орны газрын хэвлийн гүний тогтцыг судлах, ашигт малтмалын хэтийн төлөвийг тогтоох боломжтой хэсгүүдийг илрүүлэх зорилгоор геологийн суурь судалгааны анхдагч тоон өгөгдлийг бий болгох, баримтжуулах, нэгтгэн боловсруулахад орчин үеийн тэргүүлэх техник технологийг ашиглан зайнаас тандан судлах арга аргачлалыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй агуулгыг энэхүү чуулга уулзалтаар хөндөх юм гэж  Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй