Шууд Chart

ХНХЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа

2024-03-28 16:22:25

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа.
Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 7 жил болж байна.
 
Тус тогтоолоор дэд зөвлөлийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тус салбарын харъяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд багтдаг юм.
 
Хурлыг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд зөвлөлийн дарга Б.Алимаа нээж, тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, төлөвлөгөөний төсөлд гишүүдээс ирсэн саналыг тусган батлав.
 
Энэ оны төлөвлөгөөнд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг II улиралд багтаан Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдлын нэгдсэн цогц судалгаа зохион байгуулах зэрэг 30 гаруй ажил туссан.
 
Түүнчлэн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Жакарта тунхаглал (2023-2033 он)-ыг хүлээн авч, баталгаажуулах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

 


ХНХЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй