Шууд Chart

С.Чинзориг сайд НҮБ-ын тусгай элч Жан Тодтыг хүлээж авч уулзлаа

2024-03-29 09:24:00

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Жан Тодтыг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Жан Тодтыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэрбээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулж, “Монгол Улсад гарч байгаа нийт осол, гэмтлийн 20.6 хувийг зам тээврийн осол эзэлж байна. 2022 оны байдлаар зам тээврийн ослын улмаас 21,128 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба үүнээс 462 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн. Мөн зам тээврийн ослын шалтгаант нас баралтын статистикийг харахад 15 хүртэлх насны хүүхэд 15.8 хувь, 15-29 насныхан 15.2 хувийг эзэлж байна.

Манай улсын онцлог нь өргөн уудам газар нутагт хүн ам сийрэг оршин суудаг, засаг захиргааны олон нэгжтэй. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд зам тээврийн ослын улмаас нас барагсдын 78 хувь, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь хөдөө орон нутгийн замд гарсан байна. Орон нутагт гарсан зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд тээврийн хэрэгслээр зорчигчдын 95 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, мотоциклоор зорчигчдын 92 хувь нь хамгаалах малгайгүй явсан байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахыг улс орнуудад уриалсаар байгаа юм.

Манай улсын хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын албыг нь ЗТХЯ хариуцдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, мэдээлэх, зам тээврийн осол гэмтлийн тандалтын тогтолцоо бий болгох, ухуулга нөлөөллийн зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна” гээд ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн хүрээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хийж, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо.

Түүнчлэн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг таниулах, явганаар явах, дугуй унах, эрүүл аюулгүй, зөв дадал, хандлагыг хэвшүүлэхэд уриалж жил бүр “Автомашингүй өдөр”-ийг сүүлийн 15 жил тасралтгүй тэмдэглэн өнгөрүүлж байна. “Суудлын бүс, хамгаалалтын малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлснээр суудлын бүсний хэрэглээ 26,4 хувиар нэмэгдсэн ба бага насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор “Гараас гарт дамжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Замын хөдөлгөөнд 10 нас хүрээгүй хүүхдийг ганцаар зорчуулахгүй байх аяныг эхлүүлэн сургуулийн автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн зэрэг мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн салбарт аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай болон гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх сургалтад хамруулж, аймаг дүүргүүдэд мэс засал, гэмтлийн тасгийг байгуулсан талаар ярилаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Жан Тодт Монгол Улсад хоёр дахь удаагаа зочилж байгаа юм.

Жан Тодт яриандаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь ихээхэн ач холбогдолтойг тодотгоод уг асуудлыг шийдэхийн тулд иргэдийн боловсролыг дээшлүүлэх, автомашины чанарыг сайжруулах, осол гарсны дараах тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх шаардлагатайг хэлж байлаа.

Тэрбээр “Манай байгууллага осол гэмтлээс урьдчилан сэргийлэх энгийн арга болох хамгаалалтын бүсээ зүүх, малгай өмсөж хэвшихийг олон улсад болон олны танил хүмүүсээр дамжуулан нөлөөллийн ажлыг иргэдэд хүргэж байгаа.

Миний хувьд НҮБ-аас Монголд ажиллаж байгаа бүх хүмүүстээ замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэнд дэмжлэг үзүүлж, Тогтвортой хөгжлий зорилтуудын хүрээнд холбогдох ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслахдаа таатай байх болно. Мөн бидний зүгээс энэ ажлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэн, ЭМЯ, ЗТХЯ, БШУЯ, ХЗДХЯ хамтран хэрэгжүүлж байгаад талархаж байна” гэв.
НҮБ-аас зам тээврийн аюулгүй байдалтай холбоотой долоон хэм хэмжээг гаргасны хоёрыг нь Монгол Улс голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид зам тээврийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тэргүүлэх зэргийн ажил болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар зам тээврийн ослын шалтгаант нас баралт, бэртэл гэмтлийг бууруулахад ослын дараах эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг цаг алдалгүй, чанартай хүргэж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлээр эрүүл мэндийн болон бусад салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг тасралтгүй бэхжүүлж, олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэн, үндэсний хэмжээний чадавхийг сайжруулах олон талын арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

С.Чинзориг сайд НҮБ-ын тусгай элч Жан Тодтыг хүлээж авч уулзлаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй