Шууд Chart

Сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2024-03-29 11:46:10

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Эстони улсын дунд сургуулиуд нь үндсэн хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдгаа сургуулийн онцлог гэж тодотгож байв. Тус дунд сургууль нь үндэсний хөтөлбөртөө нийцсэн өөрийн сургалтын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлдэг. Өдөр бүр багадаа нэг удаа 20 минут гадаах талбайд хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн сурагчид сургуулийн анги танхимыг хичээлийн бус цагаар 17:00 цаг хүртэл чөлөөтэй ашиглах боломжтой.

Энэ сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа Англи хэл, 6 дугаар ангиасаа Орос, Герман хэлийг сонголттойгоор сурах боломжтой. Мөн нэгдүгээр ангиас эхлэн бүх сурагчид дижитал технологи ашиглалт, Робот техникийн сургалтад хамрагддаг хөтөлбөртэй байна.

Сурагчид сургуульд ирж суралцахгүйгээр цахимаар бие даан суралцах боломжтой. Цахимаар суралцах сурагч нь бие даан суралцах сургалтаа авч цаг тухай бүрд бие даалтаа багшдаа илгээн 3 сар тутам нэг өдөр сургуульд биеэр ирж суралцдаг.

Хичээлээс гадуурх хөтөлбөрт 20 гаруй сайн дурын клуб үйл ажиллагаа явуулдаг. Тухайн клубын үйл ажиллагааг сургуулийн багш дэмжин ажилладаг.

Талинн хотын боловсролын газраас багшийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд Багш мэргэжлээр суралцаж буй оюутныг 2 дугаар дамжаанаас эхлэн сургуульд ажиллах, дадлагажих боломжийг олгодог. Ажиллаж буй багш, ахлах багш, удирдах ажилтныг чадавхжуулахдаа өөр салбарын бизнесийн байгууллагад 3-9 сарын хугацаатай давхар ажиллуулан суралцуулдаг байна. Энэ нь тухайн сургуульд бизнесийн удирдлага, менежментийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд сайн үр дүн үзүүлдэг юм байна.

Сургууль нь багш ажилтны үйл ажиллагаанд Ekool.eu үндэсний платформыг ашигладаг. Энэхүү платформыг энэ хичээлийн жилээс эхлэн лицензтэйгээр ашиглуулдаг болжээ. Багшийн сургалтад дижитал материал, контентыг бүрэн ашигладаг болсон тул цаасан материал ашиглалт маш бага тухай сургуулийн удирдлагууд танилцууллаа.

Багш сурагчид бүгд GOOGLE WORKSPACE, Chromebook ашиглан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургуулиас сурагч бүрийг Chromebook-ээр хангадаг байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Сайд Л.Энх-Амгалан Эстони улсын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй