Шууд Chart

УИХ: Тогтоолын төслийг батлав

2024-03-29 14:15:29

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ: Тогтоолын төслийг батлав   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй