Шууд Chart

Салбар бүрийн 30 залуу судлаач “Бүүткамп” эрчимт сургалтад хамрагдаж эхэллээ

2024-04-02 14:49:20

Дэлхий даяар дэлгэрч байгаа “Бүүткамп” эрчимт сургалтад хими, биологи, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, материал судлал, нанотехнологи, ойн аж ахуй, ургамал хамгаалал, бизнес, нийгмийн инновац, санхүү хүний нөөц, чанарын менежментийн салбарын 30 залуу энтерпрёнершип судлаачид хамрагдаж эхэллээ.

Бүүткамп эрчимт сургалт нь байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаачид, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах, ялангуяа мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгох, шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулах ялангуяа салбар дундын практик мэдлэгүүдийг богино хугацаанд заадгаараа онцлог.

Энэхүү сургалт дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж нийт 106 судлаач, инженер, энтерпрёнерууд хамрагджээ. Харин манай улс анх удаа ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран 2024 оны Дөрөвдүгээр сарын 1-5 ны хооронд зохион байгуулж байгаа юм.

“UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” буюу энэ удаагийн эрчимт сургалтад их дээд сургуулийн сургалтын байгууллагын 4, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 5, шинжлэх ухааны паркийн 2, нийслэлийн инновац бодлогын газрын 1, хувийн хэвшлээс 2 нийт 14 байгууллагын 50 гаруй судлаачид, их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчид сонгон шалгаруулалтад оржээ.

Сургалтын үр дүнд суралцагчид багт хувиарлагдан богино хугацаанд өөрсдийн бизнесийн загварыг боловсруулан, гарааны бизнесийг эхлүүлэх, санхүүжилтийг тооцоолох, гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцахын зэрэгцээ өөрсдийн төслөөрөө хэрхэн хөрөнгө оруулагчдыг татахад суралцаж, мөн хөрш орнуудын лаборатори, нанотехнологийн бүтээгдэхүүнийг виртуалиар үзэж танилцана.

Шинжлэх ухааны хөгжил, түүнийг хэрэглээний эргэлтэд оруулахад их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн МУИС-д байгаа 50 гаруй патент, зохиогчийн эрх, ашигтай загварын зэрэг хэдэн зуун оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс төр-их сургууль-үйлдвэрлэл бизнесийн уялдаа холбоог тогтвортой  бэхжүүлэх зорилго бүхий их сургуулийн дэргэдэх анхны шинжлэх ухааны парк болох МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар парк 2023 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Салбар бүрийн 30 залуу судлаач “Бүүткамп” эрчимт сургалтад хамрагдаж эхэллээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй