Шууд Chart

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ

2024-04-11 16:33:50

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Тус хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй хэмээн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулаад “УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгггэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт авав.

Тэрбээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэх хүрээнд газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах агуулга бүхий заалтыг хуулиас хасах энэхүү төсөл нь УИХ-ын гишүүдээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй хэрхэн хамаарах, Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн холбогдох зохицуулалтаас ямар ялгаатайг тодруулж Ж.Бат-Эрдэнэ гишүүнээс хариулт, тайлбар авав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиар тавих болзол, шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 42 гишүүний 54.8 хувь энэхүү дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй