Шууд Chart

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав

2024-04-12 14:41:42

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 44 гишүүн буюу 89.8 хувь нь дэмжлээ.  

Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хуулийг ард иргэдийн саналыг үндэслэж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж санаачилсныг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ  эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн заалтын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол Улсынхаа иргэнд баяр хүргэлээ.

“D-petition” буюу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдэх үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу иргэдийн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн, ард түмнийхээ саналд нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна. “D-Parliament” цахим систем Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу биеллээ олж буйд баяртай байна. УИХ-ын гишүүд та бүхний  бүтээсэн бодит түүх бол “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийнхээ саналыг авч, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулсан явдал гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ  тодотгосон.

Түүнчлэн 2023 оноос “D-petition” буюу өргөдлийн систем хэрэгжиж эхэлснээр иргэд талбай дээр жагсаж цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэх бус цахимаар санал бодлоо илэрхийлдэг боллоо. Монгол Улсын ардчиллын гол баталгаа иргэдийн оролцоо бөгөөд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх нь ардчиллын үндсэн зарчим юм. Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ гэдгийг тэмдэглээд газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ.

Хуралдаан "Хянан шалгах түр хороо байгуулах" тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн  тул  тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслийг батлахыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хороо байгуулах" тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь Монгол УИХ-ын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.


Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй