Шууд Chart

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2024-04-12 14:51:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын Тогтвортой хөдөө аж ахуйн 8.3-т “Хөдөө аж ахуй байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллаж ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, зарим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний импортыг халж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 2030 он хүртэл авч хэрэгжүүлэхээр зорьсныг онцолж байлаа.

Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5 хувь, ажиллах хүчний 21.6 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал цаашдын хөгжилд чухал үүрэгтэй салбар. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурч, 3-4 жил тутамд ган, зуд тохиож байгаа нь мал аж ахуйн салбарт томоохон сорилт хүндрэлийг бий болгож байна. Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22 хувь хорогдож 8.6 мянган малчин өрх малгүй болж байсан. Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Малынхаа 70 хувийг алдсан 1521 өрх, 88 хувийг алдсан 732 өрх, 90 хувийг алдсан 326 өрх, огт малгүй болсон 380 өрх байна. Иймд гамшгийн эрсдэл, бодитой бий болсон нөхцөл байдал, гамшигт өртсөн малчдын  амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг тус тус харгалзан хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар тус салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан. Мөн малчны хоршоонд нэгдсэн малчдад Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, малчны анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох, малын тэжээл, таримал ургамлаа өөрсдөө тарих боломжийг бүрдүүлэх, төрийн дэмжлэгт хамрагдсан малчны хүлээх үүргийн талаар төсөлд тусгасан талаар сайд танилцуулгадаа дурдав.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийг төслийг хэлэлцсэнийг дурдаад хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор УИХ-ын “d.parliament.mn” цахим сайтад байршуулсан бөгөөд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн  гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, С.Чинзориг, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Баярсайхан, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Туваан, Б.Пүрэвдорж  нар асуулт асууж, санал хэлэв.

Гишүүд тойргийн сонгогчид, иргэд малчидтай уулзахад, залуу малчдын халаа тасарч буйг дурдахын зэрэгцээ малын түүхий эдийн үнийг өсгөх, махны экспортыг нэмэгдүүлэх улмаар ченжээр дамжсан махны худалдааг зогсоох, малчдын зээлийн асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэх асуудалд  Засгийн газрын зүгээс арга хэмжээ авах эсэхийг  лавлаж буйг уламжлав. Мөн хуулийн төслийн бодит үр нөлөөний талаар илүүтэй лавлаж байлаа.

2024 оны зудыг өмнөх жилүүдтэй харьцуулахад цас ихтэй, хүйний эрч нэмэгдсэн нь ихээхэн хүндрэл дагуулаад байна. Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилсан үнэлгээ, олон улсын байгууллагуудын дүгнэлтээр энэ жил 16-18 сая мал хорогдох эрсдэлтэй гэж үзсэн. Ийм учраас Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сараас эхлэн малчдын тулгамдсан асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлж, малын хорогдлыг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, гамшгийн эрсдэл, бодитой бий болсон нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай тул хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан. Энэ хүрээнд залуу малчдын халааг бэлтгэх, малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, махны борлуулалтыг сайжруулж, ченжийн тогтолцоог халах, мал эмнэлэг, малын эмчийн тогтолцоог бодитой бий болгох асуудалд тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлагатай байгаа юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  хариулав.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, хуулийн төсөл батлагдаж, малчид хоршоонд нэгдсэнээр орон нутагтаа ногоон тэжээлээ тарьдаг болох боломж илүүтэй бүрдэхийг дурдав. Мөн “Монгол Улс мах экспортлоход олон улсын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа. Иймд малын махаа 80 хэмд чанах байдлаар БНХАУ-д 3.5-4 ам.долларын өртөгтэй экспортолж байгаа нь үнийн хувьд хямд байна. Гэтэл олон улсын чанарын шаардлага хангасан, эрүүл мах экспортолбол 6-8 ам.долларын дундаж үнээр худалдана. Иймд салбарын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран мал эмнэлгийн дэглэм бүхий  эрүүл бүс, тусгаарлагдсан  аж ахуй байгуулах Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байна. Энэ нь малчдын малын махны үнийг өсгөх, орлогыг нэмэгдүүлэх, экспортыг сайжруулахын гол үндэс юм” хэмээх нэмэлт тайлбарыг хийсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа санал хэлсний дараа Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй