Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ

2024-04-12 16:09:10

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Их хурал өчигдөр Төрийн ордонд эхэлж, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, шинээр батлан мөрдүүлж буй Боловсролын багц хууль нь монгол хүний сурч, боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чиглэлд бодитой дэвшил гаргана гэж үзэж байгаагаа онцлоод, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаасаа үл хамаарч хүн бүрд сурч, хөгжих тэгш эрх, боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгасан зохицуулалтуудыг танилцуулсан юм. Тэрбээр, багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуулиар шийдэж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчим үйлчилж байхаар өөрчилсөн гээд, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд багшийн хомсдол нүүрлэж, тогтвортой ажиллах багш цөөрчээ. Энэ нь багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлс бага байгаатай холбоотой. Одоо үүнийг засаж залруулах ёстой. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан гэлээ.

Мөн тэрбээр, боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тухайлбал, ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах, багшийн хөгжлийг дэмжих, туслах багшийг багш болгох, магистр, докторт сурах багшид зээл олгох зэрэг олон боломж бийг нэрлэв. Дэлхий дахин өнөөдөр боловсролын өөрчлөлт шинэчлэл, хувиргалт, шилжилтийн тухай ярьж байгааг УИХ-ын дарга чухалчилж, энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага нь, нэгдүгээрт, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох, хоёрдугаарт, салбарын хөгжлийн алсын хараатай, ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, гуравдугаарт, багшийн үйл ажиллагааг шинэ эрин зууны мэдлэг, мэдээлэл, технологийн дэвшил, инновацын шаардлагад нийцүүлэхийг зүй ёсоор шаардаж байна гэсэн юм. Эдүгээ багшийн хөдөлмөрийг эрс өөрчилж байгаа технологийн дор хаяж хоёр томоохон нээлт бий болсныг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшсэнээр сурах үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр өгөөжтэй болгох боломж бүрдэж байгааг болон “AI” буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөлд хуримтлагдсан мэдлэгийн сангаас зөв, цэгцтэй, онолын боловсруулалт хийж, олон талаас нь авч үзсэн мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн авах боломжтой болж байгааг жишээлэн ярив.

Технологийн дэвшил, цахим шилжилтийг сургалтын үйл явцдаа хэрхэн амжилттай хэрэглэхээс манай боловсролын ирээдүй шууд хамаарна гэдгийг УИХ-ын дарга эцэст нь онцлон тэмдэглээд, Их хурлын үйл ажиллагаа болон Монголын багш нарын эрхэм үйл хэрэгт амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй