Шууд Chart

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

2024-04-12 16:53:38

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй