
Монгол хэл 2012 оны тавдугаар сард Луврын музейн тайлбарлагчдын 36 дахь хэл болон бүртгэгдсэн байна. Ийнхүү монголчуудын хувьд аз завшаантай үйл явдал тохиож, Луврын музейн нандин үзмэрүүдийг монгол тайлбартайгаар үзэх боломжтой болсон аж. Энэхүү боломжийг Луврын музей болон Версалийн хааны ордоны албан ёсны тайлбарлагч Г.Оюунтунгалаг хэмээх монгол бүсгүй бий болгожээ.
Тэрээр, "Би Парис хотын музейнүүд, cүм хийдүүд болон хааны ордууд түүний ойр орчмын дурсгалт газруудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст танилцуулах албан ёсны мэргэжилтэй анхны монгол хүн.
Би энэ үйл явдлаа тэмдэглэн Парис хотод зочлон ирж буй Монгол ахан дүү нартаа, Луврын музейг 2014 оныг дуустал үнэ төлбөргүйгээр тайлбарлан өгөх болно.
Намайг Парис хот руу хөтөлсөн алсын харгуй Санкт-Петербург хотоос эхтэй. Агуу Орос орны түүх соёлын гайхамшигт энэ хот надад хүүхдийн сэтгэл судлаачийн мэргэжлээ түүх соёл урлагийн судлалаар солих эрмэлзлийг төрүүлсэн юм.
Парис хот дахь Европын Их сургуулийн соёл урлаг судлал, Луврын сургууль мөн Алдарт Сорбонны Их сургуулийн сүрлэг танхимуудад Францын түүх судалж төгсгөлөө. Би аялал бүрээ түүхийн гарцаагүй үнэн баримт нотолгоогоор чимэглэн, хэрхэн гайхалтай, өвөрмөц, давтагдашгүй, мартагдашгүй үйл явдал болгох жорыг мэддэг болсон.
Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтуудад байнга хамрагдаж, эртний болон үнэт эдлэлийн шинжээчийн мастер класс дүүргэсэн маань аялал бүрийг онцгой байлгах жороо тааруулахад минь тусладаг юм.
«Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөн ирнэ» хэмээх их зохиолчийн хэлсэнчлэн буурал Парисын талаар сурсан мэдсэнээ Та бүхэнтэйгээ хувалцаахыг хүсч байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Луврын музейг монгол бүсгүй тайлбарлана | ||
Үзсэн: 2284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.