Шууд Chart

БНХАУ-д дотоодын аялал жуулчлал эрчимжсэн ч гадны жуулчид бага байна

2024-05-10 13:50:03

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширсан үзүүлэлттэй байна.

Энэ улсын эдийн засгийн өсөлтийг тогтоон барихад чухал нөлөө үзүүлдэг салбаруудын нэг бол аялал жуулчлал юм.

Хятадад он гарсаар дотоодын аялал жуулчлал эрчимжсэн. Гэвч хилийн чанадаас Хятадыг зорин ирэх жуулчны тоо одоо ч бага хэвээр байна.

Хятадын дотоодын аялал жуулчлал нэн ялангуяа тавдугаар сар гарснаас хойш оргил үедээ ирээд байна. Өнгөрсөн 7 хоногт Майн баярын өдрүүд эхэлснээр Хятадад тав хоногийн бүх нийтийн амралтын өдрүүд тохиосон.

Яг энэ тав хоногт Хятадын дотоодод 295 сая зорчих хөдөлгөөн бүртгэгдсэн гэсэн тоон мэдээллийг Хятадын Соёл, аялал жуулчлалын яам өгчээ.

Энэ нь цар тахлын өмнөх 2019 оны мөн үеийнхээс 28 хувиар өссөн үзүүлэлт юм. Дотоодын аялагчдын урсгалыг дагаад тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн мөн эрчимтэй нэмэгджээ.

Тавдугаар сарын бүх нийтийн амралтын өдрүүдээр төмөр замаар 92 сая удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгдсэн бол 10 сая хүн агаараар аялж, 1 тэрбум 250 сая хүн хурдны замаар зорчжээ.

Тэгвэл гадаадаас Хятадыг зорих жуулчны тоо маш бага байна. Дотоодын аялал жуулчлалыг тооцсон ижил хугацаанд ирсэн гадныхныг тоолж үзэхэд цар тахлын өмнөх 2019 оны жуулчдын тооны дөнгөж 30 хувьтай тэнцэх хэмжээний хүн Хятадыг зорьж байна.

Хятад улс цар тахлын жилүүдэд хилээ 3 жил хааж, хатуу хилийн хоригтой байсны эцэст 2022 оны 12 дугаар сард хилээ нээж, гадны жуулчдыг татаж эхэлсэн. Гэхдээ гадны жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийнхийг гүйцэх болоогүй байна гэж салбарынхан дүгнэжээ.

Дотоодын аялал жуулчлал эрчимтэй өсөж байгаа нь сайн хэрэг ч гадны аялагчдаас ялгаатай нь дотоодын иргэд харьцангуй бага зардлаар аялахыг сонгодог байна.

Ингэснээр аялал жуулчлалын салбараар тэр дундаа гадны жуулчдаас маш өндөр орлого олдог байсан бизнесүүд дотоодын аялагчдаас тэр хэмжээний ашиг олж чадахгүй байгаагаа дурдацгааж байна.

Дотоодынхон мөн үнэтэй нислэг сонголгүй аль болох хямд төсөр газрын аяллыг илүүд үздэг. Дотоодын аялагчдын тоо үнэмлэхүй их байгаа ч өгч байгаа ашиг нь цар тахлын өмнөх үеийн аялал жуулчлалын салбарын ашгийн хэмжээнд хүрэхгүй байна гэсэн судалгаа байна.

Тиймээс гадны аялагчдыг олноор нь татах хэрэгтэйг Хятадын бизнес эрхлэгчид хэлж байна.

Цар тахлын өмнөх үед л гэхэд гаднаас жилдээ 98 сая жуулчин хүлээн авдаг байсан бол өнгөрсөн жил 35 сая жуулчин Хятадыг зорьж иржээ.

Цар тахлын жилүүд өнгөрч, Хятад хилээ бүрэн нээчихээд байхад гадны жуулчид Хятадыг зорин ирэх нь бага байгаагийн шалтгааныг судлаачид хэд хэдэн янзаар тайлбарлаж байна.

Үүний нэг нь өртөг өндөртэй жуулчид ихтэй барууны орнуудын удирдагчид, Засгийн газар Хятадыг сайнаар дүгнэдэггүй нь ард иргэдийнх нь итгэлд нөлөөлдөг. Мөн Хятад руу чиглэсэн эдийн засгийн олон хориг арга хэмжээ зэрэг авдаг ч нөлөөлдөг гэж үзсэн байна.

АНУ, Австрали зэрэг орнууд Хятад руу аялагчдад Хятадад очвол буцаж ирэхэд хэцүү, зүй бусаар баривчлах эрсдэлтэй газар гэж анхааруулдаг. Энэ нь Азийн номер нэг эдийн засагтай улс руу аялах хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлдөг гэж "Би Би Си" агентлаг дурджээ.

Улс төр геополитикийн асуудлаас үүдэлтэй нислэгийн үнэ ч сүүлийн жилүүдэд өсөөд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын дарга Ши Жиньпин АНУ-д болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны бага хурлын үеэр айлчлахдаа Хятад Америк хоёр улс хоорондын аялагчдын тоогоо нэмэгдүүлж, шууд нислэгүүдийн тоог олшруулж, аялал жуулчлалын салбарын харилцааны тал дээр дээд түвшний яриа хэлцэл өрнүүлж байна гэж мэдэгдэж байсан. Түүнээс хойш АНУ Хятад руу явах нислэгийн тоог нэмсэн ч долоо хоногт нисэх нислэгийн тоо 35-аас дөнгөж 50 болж л өссөн юм.

Цар тахлын өмнөх жилүүдэд АНУ-аас Хятад руу долоо хоногт 150 нислэг үйлддэг байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д дотоодын аялал жуулчлал эрчимжсэн ч гадны жуулчид бага байна   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй