Шууд Chart

Венесуэл улсын ноён оргилуудын мөнх цас бүрмөсөн алга болоход ойрхон байна

2024-05-10 15:01:23

Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг байгаль дэлхийд олон янзаар илэрч байна.

Үүний нэг жишээ бол мөнх цаст ноён оргилуудын цас, мөс хайлж байгаа явдал юм.

Өндөр уулсын мөнх цас, мөс нь дэлхийн ундны цэвэр усны нөөц болдог, дулаан газрын гүнд шингэхээс сэргийлдэг гэх мэт чухал ач холбогдолтой байгалийн тогтоц байдаг.

Энэ мөнх цас хайлснаар дэлхийн эко системд маш их хохирол учрахаас гадна хүний амьдралд шууд нөлөөлж эхлэх аюултай юм. Тэгвэл Өмнөд Америкийн Венесуэл улс уулын мөнх цасаа бүрмөсөн алдах хамгийн их эрсдэлтэй улс гэдгийг судлаачид тогтоожээ.

Венесуэл улсын нутаг дэвсгэр дээгүүр Өмнөд Америкийн хамгийн том уул нуруу болох Андын нурууны хэсэг үргэлжлэн тогтдог.

Гэвч Андын нурууны мөс маш их хэмжээгээр хайлж, одоо мөнх цас, мөсөн гол гэж хэлэхэд ч бэрх болсон гэдгийг "Дэлхийн мөсөн давхаргын уур амьсгал судлалын санаачилга" байгууллагын эрдэмтэд дурджээ.

Тэр дундаа сүүлийн жилүүдэд Өмнөд Америк тивийн цор ганц мөнх цаст оргил гэж тооцогдож байсан Андын нурууны Ла Корона оргилын мөс эрчимтэй хайлж байна.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Венесуэлийн нутаг дэвсгэр дээгүүр орших Андын нурууны зургаан том оргилын мөнх цас бүрэн хайлж дуусжээ.

Ноён оргилуудын мөнх цас хайлснаар далайн түвшин эрчимтэй нэмэгдэж байгааг тус байгууллага дурдсан байна.

Колумб улсын Лос Андесийн их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд Андын нурууны мөнх цас 450 га байснаас 2 га болж буурсныг саяхан судалж тогтоосон байна. Одоо үүнээс ч багасч байгаа гэж дурджээ.

Одоогоор хэчнээн га газрыг хамран тогтож байгаа мөсийг мөнх цас гэж тооцох талаар олон улсын жишиг стандарт байдаггүй.

Гэхдээ багадаа 10 га байж байж мөнх цас гэж тооцох нь зөв гэж үзэж байна. Мөнх цас гэдэг бол бүтэн хөндийг бүрхэж байгаа мөс гэсэн тодорхойлолт хүртэл байдаг гэж Лондоны их сургуулийн эрдэмтэд хэлжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард Вэнэсуэл улсын Засгийн газраас одоо байгаа жаахан мөнх цасаа авч үлдэхийн тулд дулааны хөнжил аргыг ашиглаж тогтоон барих төсөл санаачилсан. Дулааны хөнжил гэдэг нь хүлэмж маягийн бүрхүүл юм байна. Гэвч орон нутгийн байгаль орчны газрынхан энэ ажлыг шүүмжилж, орчныг хуванцрын хаягдлаар бохирдуулна гэж анхааруулжээ.

Одоо байгаа жаахан мөсийг эргэн сэргээнэ гэдэг боломжгүйг мөн тайлбарлаж байна.

Зуны халуунд мөнх цас тэсэж үлдэхийн тулд нарны гэрлийг ойлгож, орчноо сэрүүн байлгах хэмжээний их зай талбайг хамрах ёстой байдаг байна.

Гэвч одоо тийм хэмжээний мөс бараг үлдээгүйг нутгийнхан ярьжээ.

Мөнх цас хайлж дуусвал нарны гэрэл газрыг маш их халааж эхэлнэ. Улмаар хөрсөндөө халж эхэлсэн газар агаарын температур дагаад өсөх юм. Энэ нь мөнх цас хайлахын сөрөг үр дагавар гэдгийг эрдэмтэд тайлбарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэл улсын ноён оргилуудын мөнх цас бүрмөсөн алга болоход ойрхон байна  
Үзсэн: 2497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй