Шууд Chart

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2024-05-22 09:57:39

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 05 дугаар сарын 21-нд гурван хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр, манай улсад жилээс жилд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн тоо нэмэгдэж, 2016 оны байдлаар нийт өрхийн 30 хувь буюу 232.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байсан бол 2020 онд хийсэн хүн ам, орон сууцны тооллогоор энэ тоо 297.4 мянган өрх болж өссөн байна.

Сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны байдлаар улсын хэмжээнд 1022 ажиллаж байсан бол 2017 онд 1064, 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 1676 болж нэмэгдсэн бөгөөд инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалттай 8007 орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Үүнээс 1474 СӨХ нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 21 жилийн хугацааны хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, практикт бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн зохицуулалтыг зайлшгүй шинэчилж, өөрчлөх шаардлагатай байна гэлээ.

 

Улсын Их Хурлаас 2003 онд баталсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 21 зүйлтэй бол шинэчлэн найруулсан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл нь 15 бүлэг, 85 зүйлтэй аж.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж хууль санаачлагчаас үзжээ.

1.нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ;

2.СӨХ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, заавал гишүүнчлэлтэй, ашгийн төлөө бус хуулийн этгээд байхаар хуульд тусгаснаар холбоо иргэний болон бусад харилцаанд бие даан оролцох, хуулиар хүлээсэн чиг үүргээ хязгаарлалтгүйгээр бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, оршин суугч, иргэдийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломж бүрдэнэ;

3.оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал ач холбогдолтой орон сууцны байшингийн орчны газрыг СӨХ-нд ашиглуулах эрх зүйн орчин тодорхой болсноор оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжирна;

4.орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно;

5.СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ;

6.СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно;

7.нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах  хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан.

Уг хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны 47 дугаар тогтоолоор сонгуулийн зардлын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах, сонгуулийн холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.24 дэх заалтад заасны дагуу хууль тогтоомжийн төслийг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан судалгаа, үнэлгээ хийх шаардлагагүй болно. Хуулийн төсөлд холбогдох байгууллагуудаас саналыг авч тусгасан аж.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиудыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус эрх олгогдсон заалтыг 2 дахин багасгах чиглэлийг баримтлан холбогдох хуулийн төсөл боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 дүгээр захирамжаар байгуулагдсан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2024 оны А/03 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж, дүрэм журамд хяналт шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулагдан ажиллажээ.

Дэд Ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах 35 хууль тогтоомжоор эрх олгосон 160 гаруй заалт, түүний дагуу баталсан дүрэм, журамтай нэг бүрчлэн танилцаж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багцын хүрээнд 26 хуульд 65 журмыг холбогдох хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэн хуулийн төслүүдийг боловсрууллаа. Эдгээрээс Галт зэвсгийн тухай хууль нь олон тооны журмын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаагаас нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр бичих боломжгүй болсон тул хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр төслийг боловсруулав. Дээрх хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж, холбогдох үнэлгээ, судалгааг хийсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 7 хуульд 25 эрх олгосон заалтын дагуу баталсан журмыг нэмж тусгах хуулийн төслүүдийг Хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийн хүрээнд боловсруулж байгаа болно. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин бууруулах чиглэлд 90 журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгахаар төсөл боловсруулаад байна.

Дараах хуулийн төслүүдийн талаарх товч танилцуулга болон дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэжээ. Үүнд,

1.Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

2.Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

3.Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

6.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

8.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

9.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

10.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

11.Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслийн талаар

14.Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

15.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

16.Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар

17.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар

18.Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

19.Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

20.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаа

21.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

22.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

23.Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

24.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

25.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хууль тогтоомжийн тухай хуульд эрх шилжүүлсэн буюу хэм хэмжээний акт батлах эрх олгосон заалтыг хуулийн төсөлд тусгах хүрээ, хязгаар, шаардлага тогтоосон нэг зүйл нэмж тусгахаар хуулийн төсөл боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй