Шууд Chart

Зам тээврийн сайд А.Гансүх: Монгол Улс Хятадын долоон боомтоор далайд гарна

2014-08-28 11:25:36

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дөрөв нь төмөр замтай холбоотой баримт бичиг юм. Тиймээс МҮОНРТ-ийн “Хурд” болон “ММ” агентлагийнхан Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзаж, эдгээр баримт бичгийн талаар тодруулсан юм. 

-БНХАУ-ын дарга манай улсад хоёр өдрийн айлчлал хийх үеэр манай улс Хятадын нутгаар дамжин далайд гарах гарцаа нэмэгдүүллээ. Урд хөршийн ямар боомтуудыг ашиглаж, далайд гарч гуравдагч зах зээлд хүрэх вэ?
- Айлчлалын хүрээнд манай улсын эдийн засаг, ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой олон бичиг баримтууд зурагдлаа. Манай яамны хувьд дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурсан. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг хоёр улс 1991 онд анх байгуулж байсан юм. Энэ хэлэлцээрээр бид зөвхөн БНХАУ-ын Тяньжин боомтыг ашиглаж, олон улсын худалдаа хийх эрхтэй байсан. Тэгвэл айлчлалын үеэр энэ хэлэлцээрийг шинэчлэн баталлаа. Ингэснээр Хятадын зүүн хойд болон хойд нутгуудын далайн боомтуудаар далайд гарах шинэ гарц нээгдэж байна. Тухайлбал, “Дандон”, “Базиан”, “Жинжоу”, “Инкоу”, “Чинхандоу”, “Хумхуа” гэсэн зургаан боомтыг шинээр ашиглах боломж нээгдэж байгаа гэсэн үг. Манай улс экспортын бараа бүтээгдэхүүнээ эдгээр боомтууд руу аваачихдаа Хятад улсад гааль, нэмэгдсэн өртгийн зэрэг ямар ч татвар төлөхгүй нь энэ хэлэлцээрийн бас нэг давуу тал болж байна.

- Бид өмнө нь зөвхөн Хятадын Тяньжин боомтыг ашиглаж далайд гарах бололцоотой байсан бол одоо нэмж зургаан боомт ашиглах боломжтой боллоо. Боомт хүртэлх транзит тээврийнхээ асуудлыг давхар шийдвэрлэсэн байгаа шүү дээ?
- Манай улс бараа бүтээгдэхүүнээ эдгээр боомтуудад хүргэж, гуравдагч зах зээлд экспортлохын тулд Хятадын нутгаар төмөр замын тээвэр хийх ёстой. Тиймээс ч “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын гэрээ” шинээр байгуулсан. Ингэснээр бид Хятадын нутаг дэвсгэрээр бүтээгдэхүүн тээвэрлэхдээ төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт авахаар болсон. Үүнээс гадна Хятадын далайн боомтуудаар дамжуулж гуравдагч улсад худалдах бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ, квотыг авлаа. Бид Хятад руу экспортлох нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг дээр дурдсан боомтуудаар дамжуулж, гуравдагч улсад худалдах эрх авлаа. Дараагийн нэг онцлог нь энэ гэрээг бид урт хугацаанд мөрдөхөөр тохиролцсон. Ингэснээр манай уул уурхайн бүтээгдэхүүн далайн боомтон дээр өрсөлдөх чадвартай хүрэх бололцоо нээгдлээ. Энэ бол хамгийн чухал ач холбогдолтой гэрээ юм.

- Далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг шийдвэрлэсэн байна. Хэрэв нууц биш бол, Хятадын төмөр замаар нэг тонн ачааг км тутамд ямар үнээр тээвэрлэхээр болсон юм бэ?
- “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын гэрээ”-г шинээр байгуулснаар Хятадын төмөр замаар далайн боомтууд руу тээвэрлэх өөрийн бүтээгдэхүүнийхээ тээврийн тарифыг Монголд ашигтай нөхцөлөөр тохирсон. Хятадын төмөр замаар нэг тонн ачаа тээвэрлэхэд км тутамд 3.5 центийн төлбөр авдаг. Энэ төлбөрийг манай улсад хөнгөлж өгсөн. Одоогоор хэдэн хувиар хөнгөлснийг нийтэд зарлах боломжгүй.

-Транзит тээвэр, далайн боомтуудаа шийдвэрлэсэн байна. Мөн Хятад руу экспорт хийх, төмөр замын олон гарцтай болох тохиролцоонд хүрсэн гэж сонссон?
- Дараагийн нэг гэрээ бол, 1955 онд байгуулсан Монгол-Хяталын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчилсэн. Анхны гэрээгээр  “Замын-Үүд-Эрээн” гэсэн боомтыг л хоёр тал тохирсон байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай улс Хятад руу олон улсын төмөр замын ганцхан гарцтай байсан гэсэн үг л дээ.  Тэгвэл 1955 онд байгуулсан гэрээг шинэчилснээр “Сүмбэр”, “Бичигт”, “Ганц мод”, “Шивээхүрэн” гэсэн төмөр замын шинэ боомтуудтай болохоор боллоо. Нэг ёсондоо, “Замын-Үүд”-ийн боомтыг оролцуулаад,  урд хөрш рүү төмөр замын таван боомттой болж байна гэсэн үг.

-“Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай санамж бичиг мөн байгуулсан гэх мэдээлэл байна. Энэ хүрээнд юу хийгдэх вэ?
- Хамгийн сүүлийн гэрээ бол Засгийн газар хоорондын байгуулсан санамж бичиг. Өөрөөр хэлбэл, төмөр замын салбарт хамтран ажиллах ерөнхий зарчмаа урд хөрштэй тохирлоо. Бид зөвхөн хоёр орны төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлээд зогсохгүй, Ази, Европийг холбосон Хятад-Монгол-Орос гурван улсыг дамжсан транзит тээврийг хөгжүүлэх тохиролцоо хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ санамж бичгийн ач холбогдол нь манай улсыг дамжсан транзит тээврийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Зам тээврийн сайд А.Гансүх: Монгол Улс Хятадын долоон боомтоор далайд гарна   
Үзсэн: 4289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй