Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Балж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-60 см нэмэгдсэн байна.
Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Хөгшин Орхон, Онги, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн / Багануур-Өндөрхаан/, Улз /Дашбалбар/, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 20-195 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5 см орчим давсан байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 8-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 5 см, Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Сүхбаатар хот орчимд 5-10 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-07
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: