Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-09-06 12:57:18

2024 оны есдүгээр сарын 6-15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, есдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, есдүгээр сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, есдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 6-нд Монгол Алтайн уулсаар, есдүгээр сарын 7-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, есдүгээр сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, есдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7-нд ихэнх нутгаар, есдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй