Шууд Chart

Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүллээ

2024-11-28 15:06:13

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулдаг.

Энэ хүрээнд өнөөдөр Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх эхний уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уулзалтад Австралийн Нийгмийн үйлчилгээний яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Австралийн ЭСЯ-ны төлөөлөл оролцож, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны талаарх мэдээллийг харилцан танилцуулж, эхний шатны хэлэлцээг 2025 оны 1 дүгээр сард зохион байгуулах, хэлэлцээрийн төслийг боловсруулах талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Австрали Улсад 16.6 орчим мянган иргэн оршин сууж байгаагийн 10.0 орчим мянган иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна.

Манай Улс одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, ОХУ, БНСУ-тай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Австри Улстай хэлэлцээр шинээр байгуулах хэлэлцээ хийж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүллээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй