
1. Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см нимгэн харин Эг голын дагууд 5-15 см ахиу зузаантай байна. Хөвсгөл нуур Ханх сум, Хатгал тосгон орчимд 40-45 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-35 см зузаарч, 25-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Идэр голын дунд хэсэг болон Хойттамир голд харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Хангайн арын дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-20 см нимгэн байна. Тэрхийн цагаан, Өгий нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 10-20 см нэмэгдэж, 80-95 см зузаантай болсон нь 2024 оны мөн үеэс 5-10 см нимгэн байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй жижиг голууд ёроолдож хөлдсөн бол дунд болон томоохон голууд болох Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 50-100 см зузаан мөстэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-30 см бага байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 35-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэхүү мөсний зузааныг 2024 оны мөн үетэй харьцуулбал 5-45 см нимгэн харин ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Орхон-Хархорин, Орхон-Сайхан харуул орчимд өмнөх оны мөн үеийнхээс 5-35 см зузаан мөстэй байна. Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн , Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан нэгдүгээр сарын эхний арав хоногт 5-10 нэмэгдэж, 55-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч энэ нь 2024 оны мөн үеэс 5-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Харин Буйр, Дуут, Хөх нуурт 65-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгджээ.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Сагсай, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нэмэгдэж, 40-90 см зузаан мөстэй болсон байна. Алтайн уулсаас эхтэй дээрх голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5-40 см нимгэн харин Сагсай, Үенч, Бодонч, Дундцэнхэр голын хувьд 5-25 см ахиу байна. Хар ус нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 60 см зузаан мөстэй болжээ.
Хангай нурууны өврөөс усжих ихэнх гол ёроолдож хөлдсөн бол Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Байдраг, Онги, Таац зэрэг голын мөсний зузаан өмнөх хугацаанаас 5-25 см нэмэгджээ. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2024 оны мөн үеийнхээс 5-25 см нимгэн байна. Хар нуур, Ойгон, Орог, Хөх нуур, Бөөнцагаан нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 5-15 см нэмэгдэж, 45-95 см зузаан мөстэй болсон байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Хариг, Хангилцаг, Намир, Түргэн, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см ахиу харин Чигж, Баруунтуруун голын хувьд 5-20 см нимгэн мөстэй байна. Увс нуурын мөсний зузаан 7 см нэмэгдэж, 40 см орчим зузаантай болжээ.
Нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2024 оны мөн үеийнхээс 5-45 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс
2025-01-11
Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.