Шууд Chart

О.Дашпагам: Хүний попилома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөж хамрагдах боломжтой

2025-05-05 13:08:04

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүний папилома вирусийн эсрэг вакцинд одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

-Хүний попилома вирусийн халдварын эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж, 2024 оны 11 дүгээр сараас хийж эхэлсэн. Өнгөрсөн 2024 онд 11 настай 70 гаруй мянган хүүхэд хамрагдахаас 30 гаруй мянган  орчим хүүхэд хамрагдсан. Одоогийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 40 хувьтай байна. Үндэсний товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хамруулдаг. Иймээс 11 настай хүүхэд нь Хүний попилома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөж хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын вакциныг харьяалал харилцахгүйгээр хийлгэх боломжтой. Иймээс сум болон өрхийн эрүүл мэндийн төв очиж дархлаажуулалтад хамрагдаарай гэдгийг хэлмээр байна.

-Дархлаажуулалтад хамрагдалт хэр идэвхтэй  байна бэ?

-Дархлаажуулалт өндөр хамрагдалтай байж, тухайн халдвараас сэргийлэх боломжтой. Үндсэн товлолт дархлаажуулалтын хамрагдалтыг зөвхөн манай улсаас гадна дэлхийн дахинд 95 хувиас дээш хамруулж байж, тухайн халдвараас сэргийлэх боломжтой гэдэг тооцооллыг гаргасан. Иймээс нөхөн дархлаажуулалтыг бүх сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж байгаа.

- Хүний папилома вирусийн эсрэг вакцины хувьд эцэг эхчүүд нэлээд сөрөг ойлголттой байгаа?

-Вакцин хийлгэж эхлэхдээ зэрэгцээд санаатай санамсаргүй байдлаар буруу ташаа мэдээллийг нийгмийн сүлжээнд маш их тараасан. Ташаа мэдээлэлд автаж, дархлаажуулалт хамрагдахгүй хоцорвол, халдвар авч өвчлөх эрсдэлтэй. Иймээс эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг дагаж, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Сошиалд тавигдаж байгаа худал ташаа мэдээлэлд битгий автаарай гэж хэлмээр байна. Одоогийн байдлаар дөрвөн хүүхэд тутмын нэгэн вакцинд хамрагдсан байгаа нь сайн үзүүлэлт юм.Цаашид эцэг эх асран хамгаалагчид хүүхдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулаад явахыг уриалж байна.

- Хүний папилома вирусийн эсрэг вакцинд 11-ээс дээш насны хүүхдүүд хамрагдах боломж байгаа юу?

-Ерөнхийдөө 11-ээс дээш насныхан хамрагдах боломжтой. Хүний папилома вирусийн эсрэг вакцинд хамрагдаж чадахгүй хоцорсон бол 12,13, 14 настай хүүхдүүд нэг тунгаар өрхийн эрүүл мэндийн төвд, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж хамрагдана. Харин 15 дээш насныхан бол сайн дурын үндсэн дээр төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-Хүний папилома вирусийн эсрэг вакцинд 18-аас дээш насны эмэгтэйчүүд хамрагдах боломжтой юу?

-Хүний папилома вирусийн эсрэг вакциныг 11 настай хүүхдээс эхлээд насанд хүргэгчид хийнэ гэсэн заалттай. Иймээс үндэсний товлолын дагуу 11 настайгаас хийж байгаа. Нөхөн дархлаажуулалт 14 нас хүртэл нэг тунгаар хийгдэнэ. Харин 15-аас дээш насныхан сайн дурын үндсэн дээр төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой. Мөн насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүний папилома вирусийн эсрэг вакциныг хийлгэж болно. Гэхдээ эмэгтэйчүүд хувьд вирусийн халдвар байна уу гэдгийг лабораторийн шинжилгээ хийлгээд вирусийн халдваргүй байвал вакцин хийлгэх боломжтой.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

О.Дашпагам: Хүний попилома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөж хамрагдах боломжтой  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй