Шууд Chart

Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн

2025-05-11 10:25:46

Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, түймэр гарах эрсдэл их байгаа .Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд он гарсаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд ой хээрийн түймэр гарч, шуурхай арга хэмжээ авч, унтрааж ажилласан. Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн. Ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүй зэргээс гал түймэр гарч байна. Мөн дулаарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд хашаа гагнах үеийн гагнуурын оч, цахилгааны буруу угсралт зэрэг нь гал түймэр гарах үндсэн шалтгаан юм.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна. Шар өвсний гал түймэрт айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, бие засах газар 6, малын саравч 3, чингэлэг 2, хүлэмж 1, автомашин 1 нийт 108 эд хөрөнгө өртсөн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангахад анхаарна уу. ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе. Зуслангийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд хашаагаа засах, гагнах үедээ аюулгүй байдлаа бүрэн хангах, шар өвсийг хадуураар хадах, мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх, хогийн цэгт хаяж хэвшмээр байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл эдгээр эрсдэлийг дагуулж байгаа юм” гэлээ.


Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй