Шууд Chart

Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 144 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

2025-05-13 17:42:29

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй  ял, шийтгэлийн байдлыг 2025 оны эхний 4 сарын байдлаар судалсан байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 144 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсжээ.

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн нийт 144 хүнийг насны байдлаар нь авч үзвэл 49.3 хувь нь 30-39 насныхан бөгөөд 97.3 хувь нь эрэгтэй байна. Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ. 

Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 66.6 хувь нь өдрийн цагаар, 33.3 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс 104 хүнд торгох ял, 15 хүнд 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял, 12 хүнд Зорчих эрхийг хязгаарлах ял, 7 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 6 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

Дээрх 144 хүнд оногдуулсан Эрх хасах нэмэгдэл ялын хувьд 14 шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар, 1 шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар, 69 шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар, 1 шүүгдэгчид  2 жил 6 сарын хугацаагаар, 59 шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна.

Тээврийн прокурорын газраас “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн улмаас бусдад 4.5 сая төгрөгийн хохирол учирсныг шүүхийн өмнөх шатанд бүрэн нөхөн төлүүлжээ.     

 

 


Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 144 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй