Шууд Chart

Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ

2025-05-21 15:49:08

Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн Ням гарагт олон нийтийн үйл ажиллагааны үеэр болчимгүй үг хэлсэндээ ард иргэдээсээ уучлал хүсэж, өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр дэмжигчдийнхээ ачаар өнгөрсөн хугацаанд будаа авах ч шаардлагагүй амьдарсан гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Японы хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байгаа энэ цаг үед засгийн газрын гишүүн ийм үг хэлсэн нь аль хэдийн нэр хүнд нь унаад байгаа засгийн газрын дэмжлэгийг улам доош нь татаж байна. 

Японд энэ жил ургац муу байгаагаас цагаан будааны үнэ их хэмжээгээр хөөрөгдөж байгаа нь ард түмний амьдрал, өрхийн эдийн засагт томоохон дарамт үзүүлж байна. Цагаан будааны үнийг бууруулах засгийн газрын зорилтот хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлэхгүй байна гэж япончуудын 80 гаруй хувь нь шүүмжилж байна. Гэтэл яг ийм үед засгийн газрын гишүүн, цагаан будааны ургацын асуудлыг шийдэх ёстой гол хүн болох Хөдөө аж ахуйн сайд өчигдөр болсон эрх баригч намын орон нутгийн үйл ажиллагааны үеэр оновчгүй зүйл ярьсан нь ард түмний дургүйцлийг улам өрджээ. Тэрбээр дэмжигчдийнх нь өгсөн цагаан будааны нөөц гэрт нь хангалттай арвин бий. Тэр нөөцөөсөө худалдсан ч болно гэж хэлсэн байна. Такү Это энэ хэлсэн үгэндээ харамсаж байгаагаа илэрхийлж, асуудал үүсгэсэндээ уучлал хүсэн, ийнхүү огцорч байна. Түүнийг байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми орлож магадгүй гэж NHK мэдээлжээ.

Япон Улсад цагаан будааны үнийн өсөлттэй холбоотой эрх баригч намын нэр хүнд 27,4 хувь болтлоо буурчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа Японы эрх баригч намын нэр хүнд ингэж огцом доошилсон тохиолдол болж байна. Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн засгийн газар цаашид цагаан будааны үнийг тогтворжуулж, иргэдийг татварын дарамтаас чөлөөлөхгүй бол өнгөрсөн намар дөнгөж байгуулагдсан засгийн газар хугацаанаасаа өмнө тарах эрсдэлтэй байгааг Японы хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй