Шууд Chart

Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа

2025-05-28 15:25:45

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, өнөөдөр тайлангуудын санал, зөвлөмжүүдийг НҮБ-ын төв байранд танилцууллаа.

Үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) ахалж, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRS), Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) хамтран гүйцэтгэсэн юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Гамшиг, аюул тохиолдсоны дараа бус гамшгийн эрсдэлийг урьдчилан үнэлж, сэргийлэн, бэлтгэл бэлэн байдлыг хангадаг байх шаардлагатай байна. Энэхүү тайлангууд болон санал болгож байгаа зөвлөмжүүд нь уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсад уур амьсгалын гаралтай ялангуяа зудын гамшгийг даван туулах төлөвлөлт хийхэд ач холбогдлоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг шийдвэрлэхэд түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод “Зуд нь уур амьсгалын хямрал аль хэдийн бодит байдал болсны тод илэрхийлэл юм. Гэхдээ энэ нь бас бидэнд төр засаг, түнш байгууллагууд болон ард иргэд тогтвортой хөгжил, хүний аюулгүй байдал гэсэн нийтлэг зорилгуудын дор нэгдэж чадвал ямар их зүйлсийг бүтээж болохыг бас харуулж байна” хэмээсэн юм.

Харин Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Зуд нь зүгээр нэг цаг агаарын үзэгдэл биш. Энэ нь нийгмийн салбар бүрд нөлөөлж буй томоохон хөгжлийн сорилт юм. Зудаас үүдэлтэй хорогдол бүрийн цаана өрхийн амьжиргаа, амьдралын хэв маяг эрсдэлд орж байдаг. Бид өнгөрсөн хойно нь нэгэнт учирсан хохирлыг арилгах чиглэлээр биш, харин даван туулах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны стратеги, олон нийтийн оролцоонд суурилсан шийдлүүдэд хөрөнгө оруулж эхлэх шаардлагатай байна" гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон мэргэжилтэн, судлаачид оролцож, 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг хэлэлцэж, Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, эрсдэлийг даван туулах чадавхыг улам бэхжүүлэх хамтын ажиллагааны боломж бололцоог судалсан юм.

Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаагаар удирдуулсан хэлэлцүүлэгт УОК-ын нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам,  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ус, уаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Боловсролын ерөнхий газрын төлөөлөл илтгэгчээр оролцож, 2023-2024 оны зудын үед авсан арга хэмжээ, хүндрэл бэрхшээл, цаашид уур амьсгалын гаралтай гамшгийг даван туулах, урт хугацааны тогтвортой байдлыг хангах стратегийн бодлогын арга хэмжээний чиглэлээр санал солилцлоо. 

Зуд нь эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, боловсролын тогтвортой байдалд нөлөөлж, хот суурин газар луу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлээд зогсохгүй, жендэрт суурилсан хүчирхийллийг даамжруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Зудын нөлөөгөөр 2024 оны эхний есөн сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 27 хувиар буурсан байна.

Тайлангуудад  олон талт сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах, малын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах, хөдөө орон нутгийн дэд бүтэц болон уур амьсгалд дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй