Шууд Chart

Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

2025-08-19 16:27:05

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн захирлууд болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг барина. Үүний нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 23 блок 800 айлын орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвд 2023–2026 онд барьж дуусгахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл хангажээ. Мөн хоёр дахь ээлжийн 454 айлын орон сууцны барилга угсралтын ажил 43.5 хувьтай хэрэгжиж байна.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эрүүл, аюулгүй ногоон хотыг бий болгохыг зорьж байна. Нийт 5000 айлын ногоон орон сууц баригдсанаар гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлонг бууруулж, нэг жилд 12 сая квт эрчим хүч,  5.4 сая литр ус болон 30 сая квт дулаан хэмнэнэ гэж тооцоолжээ.

Мөн 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллын 40 хувьд нь 120 мянган ам.метр ногоон байгууламжийг төлөвлөсөн. Ингэснээр орон сууцанд нүүн орох 18 мянга орчим иргэний амьдралын нөхцөл сайжрахын зэрэгцээ ойр орчмын 25 мянга орчим иргэний эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах орчин сайжрах юм.


Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй