Шууд Chart

Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо

2025-08-21 12:06:16

Тайланд-Камбожийн хил орчмын нөхцөл байдал хурцадсаны улмаас олон мянган цагаач ажилчид нутаг буцаж, хөдөлмөрийн ноцтой хомсдолд орох аюул нүүрлэж буйг нэгэн эдийн засагч анхааруулсан байна.

Энэхүү чухал ажиллах хүч гэнэт алга болсноор Тайландын олон салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд доголдол үүсэж эхэлжээ.

Камбожийн цагаач ажилчид нь Тайландын гадаад ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хөдөө аж ахуй, барилга, хүнсний боловсруулалт, үйлчилгээний салбарт голлох үүрэгтэй ажилладаг.

Албан ёсны мэдээллээр ойролцоогоор Камбож улсын 500,000 ажилтан Тайланд улсад хууль ёсоор ажиллаж байгаа ч, бичиг баримтгүй хөдөлмөр эрхлэгсдийг нэмбэл энэ тоо 1 саяд хүрдэг байна.

Эдгээр ажилчид нь Тайландын хөдөлмөрийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна Камбож улсын эдийн засагт чухал орлогын эх үүсвэр болдог. Жил бүр ойролцоогоор 40-65 тэрбум тайланд баттай тэнцэх валютийг эх орондоо шилжүүлдэг нь Камбожийн ДНБ-ий 6.5 хувиас дээш хувийг эзэлдэг.

2025 оны 07 дугаар сарын сүүлээр тав хоног үргэлжилсэн хурц мөргөлдөөний үеэр Камбож улсын 400,000 орчим ажилчид нутаг буцаж, эхний өдөр л гэхэд 150,000 хүн хилээр гарсан байна.

Хэдэн зуун мянган ажилчид гэнэт алга болсноор Тайланд Улсад ажиллах хүчний гэнэтийн хомсдол бий болж, зэрэгцээ Камбожийн эдийн засагт ч дарамт үүсжээ.

Нутаг буцсан ажилчид эх орондоо очоод ажлын хомсдолд орох нь элбэг бөгөөд энэ нь орлогын алдагдал болон гадаад валютын чухал урсгалын шууд бууралтад хүргэдэг.

Хэрэв зөрчил үргэлжилж, хөдөлмөрийн хомсдол улам хүндрэх юм бол эрх баригчид Лаос, Мьянмараас ажилчид нэмж авах асуудал үүсэх юм. Гэвч нэг сая камбож ажилчдыг богино хугацаанд лаос, мьянмар ажилчдаар бүрэн орлуулах нь хүндрэлтэй.

Урт хугацаандаа технологи, капиталд суурилсан бүтцийн өөрчлөлтөд шилжих нь зайлшгүй бөгөөд хөрш орнуудаас хэт хамааралтай байхаас сэргийлж, технологид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: ГИХГ


Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй