
Женев хотноо энэ оны зургаадугаар сарын 2-13-ны өдрүүдэд болж буй Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 113 дугаар чуулганд Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчдийн тэргүүн чуулганы зургаадугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж үг хэлэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хөдөлмөрийн хууль, эрх зүйн орчны цогц үнэлгээ хийж, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоо шинэчлэх, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах асуудлыг анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хослуулах замаар ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ногоон ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Мөн нийгмийн хамгааллын хүртээмжийг сайжруулах, тэтгэмж олгох ажлыг цахимжуулах, тэтгэврийн тогтолцоог шинэчилж, нийгмийн даатгалын тогтолцоог илүү хүртээмжтэй, шуурхай болгох шинэчлэлийн алхмуудыг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгааг мэдээлж, нийгмийн гурван талт яриа хэлэлцээ нь хөдөлмөрийн бодлогын тулгын чулуу болохыг онцлон тэмдэглэв.
Олон улсын хөдөлмөрийн бага хуралд оролцож байна | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.