Шууд Chart

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

2025-07-28 09:07:02

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно. 

Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд олон улсын 180 гаруй орны парламентын дарга, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөлүүд оролцоно. 

Парламентын дарга нарын бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дээд түвшний уулзалт юм. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож, “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжил болон жендэрийн тэгш байдал зэрэг сэдвүүдээр улс орнуудын парламентын дарга нартай санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй